ДОРНОГОВЬ: Эмнэлгийн ажилтнуудад орон сууцны түлхүүр гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-06 10:11:07

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Эрүүл мэндийн салбарт шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг орон нутагт урьж ажиллуулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нээлттэй ажлын байр” сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зарласан байна.


Ажлын байрны шалгаруулалтын хүрээнд зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн сонгогдож аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад итгэл хүлээлгэж шинээр барьсан “Мандах наран-5” хороололд хоёр өрөө байрны түлхүүр, батламжийг Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, нутгийн удирдлагууд гардуулсан аж.

Өөр газраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж ажиллаж буй нарийн мэргэжлийн эмч нар таван жилийн хугацаанд орон сууцандаа амьдраад дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар орон нутагтай гэрээлжээ.Мөн 10 сувилагч мэргэжилтэн, албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн бичгийг олгосон аж.


Орон нутагт чухал хэрэгцээтэй эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж сайн ажиллахыг эмнэлгийн салбарын эмч мэргэжилтнүүдэд хандан уриалсан байна. 

相关新闻