Балбад хүчтэй газар хөдөлсний улмаас 100 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАТМАНДУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 4 /Reuters/. Балбын баруун нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас 128 хүн амиа алдаж, зуу гаруй хүн бэртэж гэмтсэн тухай албаны хүмүүс мэдээллээ. Уулархаг бүсийн олон сууринтай харилцаа холбоо тасарсан тул амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна.
Балбын Үндэсний газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлснээр, баасан гаргийн 23:47 цагт 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Энэтхэг, Балбын хилийн бүсэд болсон байна. Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 9 мянга орчим хүн амтай Балбын Жумла хотоос зүүн өмнө зүгт 36 км-ийн зайд, 182 мянга орчим хүн оршин суудаг, Энэтхэгийн Бахрайч хотоос зүүн хойд зүгт 166 км-ийн зайд 35 км-ийн гүнд байжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотод мэдрэгдсэн байна.
Эрэн хайх, аврах багийнхан гамшигт нэрвэгдсэн газруудад хүрч очихын тулд хөрсний нуралтад боогдсон замуудыг цэвэрлэх шаардлагатай байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Бямба гаргийн өглөө Балбын армийн хоёр нисдэг тэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэж, зарим гэмтэж бэртсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.