ЗАВХАН: "Тэнгэр заяа хувь хүний оршихуй болох нь" бүтээлээрээ тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Тус аймгийн
Дэвшил сургуулийн 11 дүгээр ангийн суралцагчийн бүтээл улсад тэргүүлж, хоёр сая
төгрөгөөр шагнуулсныг өнөөдөр гардуулан өгчээ.
“Global dignity day” буюу олон улсын оршихуйг хүндэтгэх өдрийг тохиолдуулан “Политкоммс институт, “Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-аас “Хүний оршихуйг хүндэтгэх нь-Миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарлажээ.
Энэ уралдаанд
нийт 101 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил
ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.Алтанзул тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, 2 сая төгрөгөөр шагнуулжээ.
Эсээ бичлэгийн уралдааныг сэдвийн агуулгыг бүрэн тусгасан байдал, хэл найруулга, бичлэгийн ур чадвар болон бүтээлч хандлага, шинэ санаа дэвшүүлсэн байдал. Түүнчлэн сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо гэсэн үндсэн шалгууруудаар дүгнэсэн аж. Дэлхийн улс орнууд жил бүрийн аравдугаар сард “Human Dignity Week”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тодруулбал, 2006 оноос хойш тэмдэглэх болжээ. Хүнийг үндэс угсаа, яс үндэс, бэлгийн чиг баримжаа, хүйс, шашин шүтлэг, бие бялдрын чадавх зэргийг үл харгалзан хүндэтгэх, байгаагаар нь хүлээж авах, амьдралын бүхий л салбарт тэгш эрх, адил боломж олгохыг уриалах, залуу үедээ таниулах зорилготой юм.
Хүн бүр оршихуйдаа үнэ цэнтэй. Бусдын оршихуйг хүндэтгэснээр
өөрийнхөө үнэ цэнийг ухамсарлаж, нийгэмд ямар байр суурь эзлэхээс үл
шалтгаалан бие биедээ хүндэтгэлтэй хандах, адил тэгш харилцах баталгаатай
болдог. Тиймээс энэ жил анх удаа орон даяар энэ өдрийг тэмдэглэн
өнгөрүүлжээ.
Сурагч Б.Алтанзул нь "Тэнгэр заяа хувь хүний оршихуй болох нь" нэртэй эсээндээ,
...Тэнгэр заяа гэх ойлголт нь нийгмийн статус биш харин хүний оршихуйг илэрхийлсэн маш гүнзгий утга санаа төдийгүй зөвхөн монгол үндэстэнд бус, дэлхийн хүн бүрд хамааралтай ойлголт байжээ.
Хэдийгээр бид Чингис хааныг цэрэг, дайны стратегич их хаан хэмээн дээдэлдэг ч түний сургаал, номлол, төр удирдах арга барилыг судалбал, бүгд “хүн” гэх бодгалийн оршин байхуйг хүндэлсэн үнэт зарчимд үндэслэсээр ирсэн гэдэг ойлголтод хүрч болох юм гэдгийг илүү тодотгон бичжээ.
Түүний шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн үеэр Улиастай хотын захирагч Ч.Наранбат, аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Онолбаатар нар Дэвшил сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, хүүхдэд чиглэлсэн төлөвлөгөөт ажлууд, тэтгэлэг, хөтөлбөр төслүүдийн талаарх мэдээллийг өгч санал солилцсон байна.
Хүүхдүүд
аймаг, сумын удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэнд Улиастай сумын автобус,
гудамжны камержуулалт, гэрэлтүүлэг муу байгаа, хүүхдэд чиглэсэн төсөл
хөтөлбөрийн мэдээлэл хангалтгүй учир мэдээлэлгүйгээс боломжуудаа алддаг. Сургуулийн
ариун цэврийн өрөө түгжээгүй, бариулгүй, ариун цэврийн цаас, савангүй байдаг зэрэг
сургууль орчмын тохижилтын асуудлуудад анхаарч өгөх хүсэлтүүдийг гаргасан гэж
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, олон улсын оршихуйг хүндэтгэх өдрийг зөвхөн Монгол
Улсын бус дэлхийн иргэн байх, хүний нийгмийн шинэ хэв маягийг ойлгох, хүлээн
зөвшөөрөх. Өнөөдрийн биш ирээдүйн төлөө хүлээх хариуцлагыг нийтээрээ
ухамсарлахад чиглэсэн зан суртахууны хэм хэмжээнд хүний эрхийн соёлыг
төлөвшүүлэх зорилготой нөлөөллийн ажлыг хийх нь чухал. Энэ өдрийг жил бүр
уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгаа талаар Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн цахим хуудастаа мэдээлжээ.