ДОРНОД: Хэнтий, Дорнодын уран бүтээлчид хамтран “Хортой ус” хүүхдийн жүжгийг тайзнаа амилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хан Хэнтий чуулгын тайзнаа “Хортой ус” хүүхдийн жүжиг энэ өдрүүдэд үзэгчдэд хүрч байна. Жүжгийн зохиолч, найруулагчаар Дорнод аймгийн ХДТ-ын Ерөнхий найруулагч, МУСТА Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор МУСТА Ө.Ариунбаатар нар ажиллажээ.
Жүжигт
таван мянган жилийн өмнө хортой усыг зохион бүтээснээр архийг дагаж явдаг албин
тийрэнгүүд хүмүүсийн уй гашуу, зовлонгоор хооллосоор одоогийн цаг үед
хаанчлалаа тогтоосон тухай өгүүлдэг.
Энэхүү уран бүтээл нь найруулагч Б.Мөнх-Амьдралын ес дэх жүжиг юм. Тэрбээр тун удахгүй өөрийн ес дэх удаагийн киноны уран бүтээл болох “Нууц тархи” киногоо нээхээр ажиллаж байна.
Сонирхуулахад, Дорнод аймгийн ХДТ уран бүтээл солилцооны хүрээнд 2019 онд “Ярьдаг мод” хүүхдийн жүжгийнхээ хувцас, тайз зэргийг Хэнтий аймагт өгч тоглуулж байсан юм. Мөн Дорноговь аймгийн ХДТ-ын тайзнаа тавьсан “Лир ван”, өөрсдийн уран бүтээл болох “Мангасуудын хаан” жүжгээ солилцон тоглож байжээ.