Нарны идэвхжилийн оргил үе ирэх онд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-11-02 16:10:47

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /space.com/. Нарны одоогийн идэвхжилийн оргил үе 2019 онд таамаглаж байснаас нэг жилийн өмнө буюу 2024 онд тохионо гэж Сансрын цаг агаарыг судлах төвөөс (NOAA) мэдээлжээ. 


Сансрын цаг агаарын шинэчилсэн урьдчилсан мэдээгээр 2024 оны нэгдүгээр сараас 10 дугаар сарын хооронд "нарны максимум" гэгддэг нарны идэвхжилийн 25 дахь мөчлөгийн оргил үе тохиох ажээ. Оргил үе 2019 онд таамаглаж байснаас эрт эхэлж, илүү хүчтэй, удаан үргэлжлэх гэнэ.


Нарны мөчлөг гэдэг нь соронзон орноос хамаардаг нарны идэвхжилийн ойролцоогоор 11 жилийн хугацаа бөгөөд нарны гадаргуу дээрх толбоны давтамж, эрчимжилтийн өөрчлөлтөөр тодорхойлдог. Харин идэвхжилийн оргил үе хэдийд эхлэх талаарх урьдчилсан мэдээг гаргахдаа нарны толбоны тоо, орчин үеийн статистик мэдээлэл, нарны динамо буюу соронзон орныг үүсгэдэг нарны доторх халуун ионжсон хийн урсгалын талаарх урт хугацааны түүхэн мэдээлэлд үндэслэжээ.


Титмийн масс ялгарал гэж нэрлэгддэг плазмын дэлбэрэлтээс үүдэлтэй геомагнит шуурга нь цахилгаан эрчим хүчний сүлжээ, GPS дохионд нөлөөлж, хиймэл дагуулыг тойрог замаас гаргаж, агаарын тээврийн салбарын ажилтнууд, сансрын нисгэгчдэд цацрагийн эрсдэл учруулж болзошгүй тул нарны идэвхжилийн талаарх мэдээг урьдчилан гаргах нь чухал байдаг. 

相关新闻