БАЯНХОНГОР: Нийтийн номын сан "Чөлөөт уншлагын танхим"-тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласнаар өдгөө 3 дахь жилдээ хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Бүтээлч сарын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд уншигч хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүл, найз нөхдөөрөө үйлчлүүлэх боломжтой Чөлөөт уншлагын танхимыг аймгийн Номын санд нээлээ.
"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Баянхонгор аймгийн Нийтийн номын сангаас найман томоохон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь Чөлөөт уншлагын танхим болж байна. Энэхүү танхимаар ямар ч насны хүмүүс үйлчлүүлэх боломжтой бөгөөд ажиллах цагийн хуваарь нь 11.00-20.00 цаг, мөн амралтын өдрүүдэд ажилладгаараа бусад уншлагын танхимуудаас онцлог аж.
Энэ сард "Хүрэн морь" яруу найргийн наадам, Номын санчдын сургалт, Зөөврийн номын сангийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаанууд нийтийн Номын санд өрнөнө.