ДУНДГОВЬ: 74,1 га талбайд хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж, 422,76 тн ургац авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын гаргасан мэдээгээр 2023 онд тус аймгийн хэмжээнд 74,1 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 63,26 га-гаас 422,76 тн ургац хураан авч, ургацын төлөвлөгөө 96,3 хувьтай биелжээ.
Тодруулбал, энэ жил 67,2 га талбайд төмс, хүнсний ногоо,
жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 439.2 тн ургац хураан авахаар
төлөвлөсөн байсан.
Төрлөөр нь авч үзвэл
27,1 га талбайгаас 222,7 тн төмс, 23 га талбайгаас 179,72 тн хүнсний
ногоо, 5 га-гаас 4,54 тн жимс, жимсгэнэ, 8 га-гаас 15,8 тн малын тэжээлийн
ургамал хураан авсан байна.
Өнгөрсөн жилийн тариалалттай харьцуулахад шар манжин,
хүрэн манжин, лууван, саримс, өргөст хэмх зэрэг хүнсний ногооны ургалт сайн,
ахиу ургац авсан бол малын тэжээлийн хэмжээ хоёр дахин багасчээ. Баянжаргалан
сум 2 га, Луус сум 3 га талбайд малын тэжээл тариалж, нэг ч ургац авч чадаагүй
бол Говь-Угтаал сум 4, Дэрэн сум 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 50
хувийн ургац авсан байна.
Орон нутгийн хөрсөнд тариалсан хүнсний ногооны үнэ хангайд тариалсан ногооны үнэтэй харьцуулахад өндөр байгаа хэдий ч эрэлт ихтэй байгааг тариалан эрхлэгчид онцолж байна. Тодруулбал, орон нутгийн хөрсөнд ургасан төмс 2500-3000, сонгино 3500, лууван 3500, өргөст хэмх 6000-8000, улаан лооль 10000-12000, саримс 30000, шар манжин 3500, улаан манжин 4000, байцаа 3000 төгрөгийн үнээр борлуулж байгаа юм.
Хүнсний ногоо тариалалтаар Сайнцагаан сум тэргүүлж, 261,3
тн ургац хураан авсан бол Эрдэнэдалай сум удаалж, 35,3 тн ургац авчээ.