СЭЛЭНГЭ: БНСУ-д сувилагч нараа сургаж, мэргэшүүлэх ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-31 13:31:48

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг олон улс, хот, мужуудтай хамтран салбар бүрд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар ЭМЯ-тай хамтран БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуульд эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээ эн тэргүүнд сувилагч нараа сургаж мэргэшүүлэх ажлыг эхлүүлэхээр болж, гурвалсан гэрээг үзэглэлээ.

 

Ингэснээр Сэлэнгэ аймгийн сувилагчид БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуульд онол практик хосолсон мэдлэгийг олж авах. Цаашлаад Солонгос улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилттай танилцан, нөхцөл байдлыг бодитоор үзэх боломж бүрдэж байгаа аж.

 

Эхний ээлжид 25 сувилагч явах бөгөөд төсөл 8 жилийн хугацаанд хэрэгжих юм. Аймгийн зүгээс энэ хугацаанд нийт сувилагч нараа бүрэн хэмжээнд мэргэшүүлэх зорилт тавьжээ.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дэх манлайлал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулав.

 

Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн салбарын голлох үүргийг гүйцэтгэж яваа аймгийн нийт сувилагч нар хамрагджээ.

 

Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуулийн профессор Jung Dae Bum, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нарын албаны хүмүүс оролцсон байна.    

相关新闻