БАЯНХОНГОР: Зүү ороох аргаар хээ оёж, дээл урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-31 15:24:01

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн малчин Даваасүрэнгийн Одонцэцэг зүү ороох аргаар торгоны өнгийг чимэглэн дээл урлаж байна.


2019 онд өөртөө дээл хийж өмссөн нь олны харааг булаасан онцгой содон бүтээл болжээ. Ийм дээлээ 2019 оноос эхлэн урлаж, 2020 оны дундуур хийж дуусгасан байна.



Малчны өдөр тутмын хөдөлмөр, гэр ахуй, бага насны олон хүүхдийн хажуугаар юм оёно гэдэг асар их хичээл зүтгэл шаардсан ажил. Тэрбээр зургаан хүүхдийн ээж, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой. Том охин нь 20 нас хүрсэн бол бага нь 3 нас хүрч буй.


Д.Одонцэцэгийнх эцэг эхээс наймуулаа. Түүний хувьд 15 настайгаасаа хөөргийн даалинг зүү ороох аргаар оёж эхэлж байжээ. Дүүтэйгээ нэг өдөр ярилцаж сууж байгаад хаа ч байхгүй цор ганц дээл оёж өмсье гэж шийдээд зүү ороох аргаар оёсон хээ бүхий дээл хийхээр шийдсэн байна. Анх сониуч зангаараа дээл хийж туршиж байсан маань олны таашаалд нийцсэн нь санаандгүй зүйл болсон хэмээн Д.Одонцэцэг ярьсан юм.


Анхны тэрхүү дээлээр нь өдгөө түүний хадам ээж гангарч байгаа бөгөөд зөрсөн бүхэн эргэн хардаг гэнэ. Одоо тус аргаараа дахин нэг дээл оёж эхэлсэн бөгөөд ээждээ бэлэглэхээр урлаж байгаа аж.



相关新闻