БАЯНХОНГОР: Ингэний сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-26 09:28:58

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт байгуулж буй Ингэний сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татан авалтыг хийлээ. Угсралтыг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.


Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 3713 м.кв газарт 409 м.кв бүхий барилгын ажлыг бүрэн дуусгаж Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг бариад буй. Ийнхүү тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулснаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдэх юм.


Аймгийн ИТХ-ын 2021 оны гуравдугаар хуралдаанаар “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ыг байгуулан, хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлэх бодлогод тулгуурлан Ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байдаг. Тус үйлдвэрийн стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү.


Үйлдвэр хоногт 4 тонн сүүг хатаах хүчин чадалтай, сүүний олдоц сайн үед тоог дахин нэмэгдүүлж, өдөрт 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой. Бүрэн хүчин чадлаараа (хоёр ээлжээр) ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх бөгөөд аймаг орон нутагт төвлөрөх татварын болон бусад ашиг орлого нэмэгдэх юм.


Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тэмээ бүхий малчин өрхүүдийн орлого нэмэгдэн аймгийн төв, тэмээ бүхий сумдад байнгын ажлын байр бий болж, Баянхонгор аймгийн тэмээн сүргийн тоо толгой өсөж, таваарлаг чанар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.

相关新闻