Э.Цогбаяр: “Говийн хийцтэй цай” брэндийг экспортолж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчууддаа хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ удаагийн ярилцлагынхаа зочноор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат “Говийн хийцтэй цай” брэндийг үүсгэн байгуулагч Энхээгийн Цогбаярыг онцлон урьж ярилцлаа.
-Олон улсын жишигт үйлдвэрлэл
хөгжөөгүй улс орныг мөхөлд маш ойрхон байна гэж үздэг. Тиймээс үйлдвэрлэгч байх тал
дээр иргэн нэг бүр маш их хичээх хэрэгтэй. Таны хувьд анх үйлдвэрлэлээ хэрхэн
эхлүүлж байв?
-Манай монголчууд сүүлийн үед харьцангуй дор бүрнээ үйлдвэрлэгч байх гэж хичээж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсээр байна. Миний хувьд “Говийн хийцтэй цай” брэндээ 2018 онд анх санаагаа олж хөгжүүлэлтээ 2-3 жилийн хугацаанд хийсэн. Үйлдвэрлэлээ 2022 оноос эхлүүлсэн.
-Үйлдвэрлэлээ
эхлүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв?
-Санасныг бодоход харьцангуй хүндрэл бэрхшээл
гайгүй байсан. Аймаг орон нутгаас бидний хийж байгаа бүтээгдэхүүнийг маш сайн
дэмжиж өгсөн.
-Нутаг нутгийн цай
өөр өөрийн амттай, соёл уламжлалтай байдаг. “Говийн хийцтэй цай” брэнд юугаараа
илүү онцлог вэ? Өвөрмөц ямар орц найрлага байна?
-Тийм ээ. Манай говийнхны хэлж заншсанаар үдийн унд буюу будаатай цай гэж байдаг. Маш өег тэжээллэг. Хүүхэд ахуй цагаасаа л эмээгийнхээ чанасан цайг ууж өссөн. Орчин цаг үед нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах гээд хүмүүс маш завгүй байдаг болсон. Тиймээс бид хүний бие организмд маш сайн говийн брэнд цайг бий болгосон. Цайныхаа орц найрлагыг улам боловсронгуй болгож аяганд шууд найруулаад уухаар болгож бэлтгэсэн юм. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд их хүрсэн. Баруун болон Төв халхууд, Хөвсгөл гээд бүгд өөр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан цайтай. Гэвч монголчуудын цайны ерөнхий хийц адилхан учраас манай үйлдвэрлэж байгаа цай хаана ч эрэлт хэрэгцээтэй байгаа. Нутгаасаа гараад олон жил болж байгаа аав, ээж, нутаг усаа санасан хүмүүст манай цай их таалагддаг. Цайг маань уучихаад нутаг амтагдлаа гээд манай пэйж хуудсанд сэтгэгдэл бичдэг.
-Үнэхээр гайхалтай
маш богино хугацаанд нутгийн брэнд болж чадсан байна?
-Тийм ээ. Нэг жилийн хугацаанд манай
бүтээгдэхүүн маш амжилттайгаар зах зээлд нэвтэрч чадсан. Хэрэглэгчид таатай
хүлээж авлаа. Монголчууд байгаа дэлхийн бараг л бүх улс оронд манай цай хүрсэн байна.
-Та дээр яриандаа 2018 оноос анх санаагаа
олж нэлээд удаан хугацаанд боловсруулалт хийсэн талаараа ярьсан. Энэ талаараа
дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Ерөнхийдөө гол санааг нь манай хадам ээж гаргасан юм. Хадам ээжийг Мөнхтуяа гэдэг. Ээжийнхээ энэ санааг би дэмжээд яг ямар орцтой, ямар амттай байх уу, сав баглаа боодол, дизайныг нь гаргах, хэдий хугацаанд хадгалах зэрэг олон зүйл дээр судалгаа хийж бодож төлөвлөсөн. Манай энэ цайнд нэмэлт нөөцлөх бүтээгдэхүүн ороогүй яг л байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.
-Гадна дотны зочдод
жинхэнэ говийн цайны амтыг мэдрүүлэх “Говийн хийцтэй цай” нь шар, цагаан
будаатай, борцтой гээд орц найрлагын хувьд их баялаг санагдсан?
-Манай бүтээгдэхүүнийг гадаад, дотоодоос ирсэн зочдын гарын бэлгэнд их өгдөг. Бид аймгийн төвийн болон 14 сумандаа борлуулалтаа хийж байгаагаас
гадна Улаанбаатар хотод ч нийлүүлэлтээ хийж борлуулж байна. Цаашлаад
бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлж 21 аймаг,
сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалтаа хийхийг зорьж байна. Манай бүтээгдэхүүний сав,
баглаа боодол, шошго стандартын дагуу хийгдсэн болохоор хил гаалиар гарахад ямар
нэг асуудал үүсэхгүй.
-Нийлүүлэлт нь хэр
байна. Эрэлт хэрэгцээндээ хүрч хангаж чадаж байна уу?
-Зах зээлд байгаа эрэлтийг гүйцэхгүй байгаа. Ажиллаад жил болж байгаа ч бид маш их хичээн ажиллаж, шинээр үйлдвэрийн байртай болох гээд зүтгэж байна. Орон нутгаас зарласан төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй. Бидэнд говийн хийцтэй цайнаас гадна өөр хэд хэдэн туршилтад оруулж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа. Үүнийг дан ганц манайх хийхэд хүч хүрэхгүй. Маш олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Жишээ нь манай цайны борцыг ханган нийлүүлдэг хоёр байгууллага байдаг. Шар тосоо малчдынхаа гар дээрээс шууд авдаг. Тэгэхээр дан ганц манай компани хөгжих биш дагаад орон нутгийн бусад үйлдвэрлэгчид хөгжинө.
-Үйлдвэрлэл
хөгжүүлэх явцад улам л боловсронгуй болж хөгжөөд явдаг. Энэ тал дээр та шинээр
бизнес эрхэлж байгаа залуустаа зөвлөгөө өгөөч?
-Манайх том том үйлдвэртэй хүмүүсийн
хажууд бол ичмээр л юм. Гэхдээ өрхийн үйлдвэрлэл гэхэд арай том. Миний бодлоор
үйлдвэр гэхээр бүтээгдэхүүнийхээ бүх түүхий эдийг өөрсдөө бүгдийг нь хийхийг л
хэлэх байх гэж боддог юм. Гэхдээ энэ нь их урт хугацааны том хөгжил. Бараг 20 гаруй жилийн хөгжил
байх. Тэгэхээр үйлдвэрлэл эрхлэгчдийг төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл үр дүн их өөр болно. Бид нар шиг жижиг дунд үйлдвэрлэл
эрхэлдэг хүмүүс шантрах зүйл их гарч ирдэг. Нийгмийн даатгал, татвар гээд л.
Энэ бүхнийг даван туулаад л явж байна. Энэ тал дээр биднийг дэмжээд өгвөл
бидэнд чадахгүй зүйл алга. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид Монголдоо юм хийх гээд
их зүтгэж байна.
-Үнэхээр хийж
бүтээе гэж зорьж байгаа үйлдвэрлэгч нарт бодит дэмжлэг хүрвэл мөн их хэрэгтэй
байна даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Тусламж дэмжлэг байх нь байдаг. Тэр дэмжлэгт хүрэх гэж их олон саад бэрхшээлтэй тулгардаг. Хийж бүтээе гэсэн залуусыг дэмжээд зээл тусламжийн нөхцөлийг бууруулах хэрэгтэй.
-Бидэнд ямар ашигтай гаргалгаа
байна вэ гэдэг тал дээр ярилцсаар л байна. Тэгэхээр үйлдвэрлэл эрхлэгчид зээлд
хамрагдахад яг ямар бэрхшээл байдаг вэ?
-Ойрын нэг жишээ иш татъя. Манайх
бичил бизнес эрхлэгчийн төрөлд ороод жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдъя
гэсэн юм. Үл хөдлөхийн барьцаа хөрөнгө хэрэг болж байна. Гэтэл шинээр бизнес
эхлүүлж байгаа бидэнд үл хөдлөх хөрөнгө байхгүй. Хамаатан садан найз нөхдийн үл
хөдлөхийг гуйна. Энэ нь шинээр ажил эхлүүлж байгаа залууст маш том дарамт
болдог. Итгэл үнэмшилгүй болоход нөлөөлдөг.
-Энэ талаар залуус
ярьсаар байгаа. Үнэхээр барьцаа хөрөнгө байсан бол тэд зээл хүсэхгүй гэдгийг
ойлготол нь цаашид ярьсаар байх хэрэгтэй?
-Тийм байх. Цаг хугацааны явцад
өөрчлөгдөж дэвшиж боловсронгуй болно гэж итгэдэг.
-Хэдэн хүнийг ажлын
байраар тогтмол хангаж байна вэ?
-Манайх одоогоор 4 хүнийг ажлын байраар тогтмол хангаж
байна. Харин цагийн ажилтнууд нэмэгдвэл 10 хүн.
Шинээр үйлдвэр ашиглалтад орвол ажилтан нэмэгдэх байх. Гэхдээ үйлдвэрийг
хөдөлмөр хөнгөвчилсөн байдлаар автоматжуулахыг зорьж байгаа. Яахав энэ нь
ажилтны тоог багасгана гэсэн үг биш. Автоматжуулснаар бүтээгдэхүүний гарц
нэмэгдэж алдаа дутагдал бага болно гэж үзэж байгаа юм.
-Таны хэтийн зорилго
юу вэ? Нэн тэргүүнд хийхээр зорьж байгаа
ажил юу байна?
-Хэтийн зорилго гэвэл бүтээгдэхүүнээ
гадагшаа экспортлох зорилгыг тавьсан байгаа. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа
монголчууддаа хүргэмээр байна. Мөн манай цайг солонгосчууд маш их сонирхсон. Говь
нутгаар аялж байхдаа авч хэрэглээд дараа нь нутагтаа очоод сошиалаар хайгаад
бидэнтэй эргэж холбогдсон. Хамтран ажиллахад бэлэн байна гэсэн.
-Аялал жуулчлалын
байгууллагуудтай хэр хамтран ажиллаж байна?
-Бид үйлдвэрлэх үйл ажиллагаандаа илүү анхаарч ажиллаад яг одоогоор хамтарч ажиллаж амжаагүй байна.
-Бизнес эрхлэгчдийн
амжилт, ололтод их олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэгэхээр амжилтад хүрэхийн тулд
юунд илүү анхаарах ёстой вэ?
-Ер нь хүн аливаа зүйлийг тууштай хийж
байж л амжилтыг олно. Хүн өөрийн зорьсон, бодсон ажлаа эхлүүлээд 5, магадгүй 10 жилийн дараа л үр шимийг нь гүйцэд хүртэнэ. Хийж байгаа ажилдаа суралцаж даддаг. Зарим хүмүүсийг ажиглаж байхад
тууштай биш эргэж буцдаг. Багахан зүйлээс шантраад бууж өгөөд хийж байсан ажлаа
орхидог. Энэ нь буруу. Та хийж байгаа ажлаа зөв гэж бодсон л бол хэдий ч
хамаагүй хугацаанд гол нь тууштай зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Үр дүн
нь ямагт гардаг.
-Ярилцсанд
баярлалаа.