ӨВӨРХАНГАЙ: Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчдын улсын зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах
сувилагч нарын улсын зөвлөгөөнийг энэ амралтын өдрүүдэд Арвайхээр
суманд зохион байгууллаа.
“Өрхийн
эрүүл мэндийн төвийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл, сэргэлт” сэдэвт тус
зөвлөгөөнд 21 аймаг,
нийслэлийн 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ахлах сувилагч нарын
төлөөлөл болох 200 гаруй хүн
оролцсон юм.
Зөвлөгөөнөөр
эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх бодлогын хэрэгжилт,
цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өрхийн сувилахуйн дэлхийн чиг хандлага, монголын
өрхийн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,
шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн санал
бодлоо солилцлоо.
Мөн гэрийн сувилахуй, харилцаа
хандлага, ёсзүйн чиглэлээр сургалт хийсэн юм. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн
санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, санхүүгийн хувьд харьцангүй бие дааж байгаа ч боловсон
хүчний дутагдалтай хэвээр байгааг энэ үеэр онцоллоо. Тиймээс ихэвчлэн тэтгэвэрт
гарсан эмч, сувилагчдыг өрхийн эмнэлэгт ажиллуулдаг ч “Эрүүл мэндийн тухай
хуульд заасан өрхийн Эрүүл мэндийн төвд тасралтгүй 3 жил ажилласан бол 6 сарын
цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг нэг удаа олгоно” гэх заалт тэдэнд
хамаардаггүй. Гэтэл бусад эмч, сувилагчтайгаа адил тэнцүү үүрэг хүлээж
ачаалалтай ажилладаг учраас энэ шийдвэрээ эргэн харах ёстой гэдгийг хэлж байв.
Зөвлөгөөнд оролцогчид ISO 9001:2015 Олон улсын чанарын стандартыг хангаж улсдаа тэргүүлсэн “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл
ажиллагаатай танилцан туршлага судаллаа.