БАЯН-ӨЛГИЙ: Академич А.Мекейн нэрэмжит олимпиадад Увс аймгийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-23 10:44:37

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, академич Абишийн Мекейн нэрэмжит математикийн ІХ олимпиадыг Өлгий хотод энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Өнгөрсөн оноос нээлттэй хэлбэрээр зохион байгуулж буй тус олимпиадад Улаанбаатар хотоос 1, Ховд аймгаас 3, Увс аймгаас 3, Баянхонгор аймгаас 2, Өвөрхангай аймгаас 1, зохион байгуулагч Баян-Өлгий аймгаас 19 баг, нийтдээ 341 багш, сурагч оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.


Олимпиадын нийлбэр дүнгээр Увс аймгийн I дүгээр сургуулийн баг тэргүүн байр эзэлж 2,5 сая төгрөгөөр шагнуулав.

Мөн хоёрдугаар байрт орсон Баянхонгор аймгийн "Төгс Алгоритм" сургуулийн багийг 2 сая, гуравдугаар байрт орсон Баян-Өлгий аймгийн I дүгээр багийг 1,5 сая төгрөгөөр тус тус урамшууллаа.


Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулсан тус олимпиадыг "Туран ворлд" компани, "Фаст" академи, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар, "Эрчимбаян Өлгий" компани, "Аltai expeditions" компани, R3 математикийн төв, "Мекей сан" зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн ажээ.  

相关新闻