АРХАНГАЙ: Аймгийн төвийг бүрэн камержуулж, "Ногоон бүс" болгох ажлыг шат дараатай хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-23 09:51:34

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас 2014 онд 5 ширхэг камер авч байршуулан 2017 онд Цагдаагийн газарт хүлээлгэж өгснөөр аймгийн төвийн камержуулалтын ажил эхэлсэн байдаг.


2018 онд 22, 2019 онд 8, 2020 онд утасгүй сүлжээний бааз станцыг 2 цэгт, хяналтын камерыг 2 цэгт, 3 ширхгийг, ханын дэлгэцийн төхөөрөмж, бичлэг хадгалах төхөөрөмжийг байршуулсан бол 2022 онд орон нутгийн төсвийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хамгийн их буюу 38 цэгт 65 камерыг, бусад холбогдох дэд бүтцийн төхөөрөмжүүдийн хамт авсан нь өнөөдрийг хүртэл 100 хувийн ажиллагаатай ажиллаж байна.


Энэ онд 138.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэбулган сумын хамгийн их гэмт хэрэг, зөрчил гардаг 4-р багт 14 цэгт 31 ширхэг камерыг байршуулан цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбоод байгаа ажээ.


Ирэх жилүүдэд ч энэхүү камерын системийг бусад багуудад нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Орон нутгийн удирдлагууд ч цагдаагийн байгууллагатай хамтран аймгийн төвийг бүрэн камержуулах, “Ногоон бүс” болгох ажлыг шат дараатай хийх ажлыг дэмжсэн байна.

  

Эрдэнэбулган сумын хэмжээнд 34 цэгт, 104 камер ажиллаж байгаа нь хангалтгүй буюу шаардлагатай камержуулалтын 40 орчим хувийг эзэлж байгаа аж. Гэхдээ эдгээр камерууд зөвхөн авто замын хөдөлгөөнийг хянаж байна.


Цаашид гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг бүхий л газрыг камержуулж, ногоон бүс болгоход нийт 480-500 ширхэг камер, хяналтын бааз, дүрс хадгалах төхөөрөмж зэрэг шаардлагатай аж.

 

Дээрх камеруудаас 2017-2020 оны хооронд тавьсан телекамерууд сүүлийн үеийн камеруудын стандарт шаардлагуудыг хангахгүй, нягтаршил муутай, эвдрэл гэмтэл их байгаа учраас ашиглалтын шаардлага хангахгүй байх тохиолдол гарч байгаа аж.

 

Аливаа гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд камерын хяналт маш өндөр үүрэгтэй. Камерын хяналтын оролцоотойгоор илрүүлсэн гэмт хэрэг ч сүүлийн хоёр жилд өссөн байна.


Аймгийн төвд ажиллаж буй 104 камер нь сүүлийн хоёр жилийн хугацааанд гэмт хэрэг, зөрчлийг 12-46 хувь хүртэл бууруулсныг албаны эх сурвалж хэлж байлаа.


Сумдын хувьд Чулуут 18, Хотонт 4, Өлзийт 2, Цэцэрлэг 19, Ихтамир 11, Цахир 4, Булган сум  18 нийт 76 ширхэг теле камерыг ашиглаж байна. Бусад сум камергүй гэсэн үг юм.


Цаашид камержуулалтын ажлыг хурдацтай зохион байгуулж, зөвхөн аймгийн төв бус бусад камергүй сумдыг ялангуяа улсын чанартай зам дагуух сумдыг камержуулах чиглэл хүргүүлж, аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, камерын оролцоотойгоор гэмт хэргийг хугацаа алдахгүй илрүүлэх боломжийг бий болгох хэрэгцээ шаардлага байна.  

相关新闻