Венесуэлийн газрын тосны салбарт тавьсан хоригийг АНУ сулруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023
оны аравдугаар сарын 19 /DW/. Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн 2024 онд
болох сонгуулийн талаар тохиролцоонд
хүрсний хариуд АНУ-ын эрх баригчид тус улсын
газрын тос, байгалийн хийн салбарт авсан хориг арга хэмжээг түр хугацаагаар
сулруулахаар болжээ.
Гэхдээ Венесуэл амлалтаа биелүүлэхгүй бол дээрх шийдвэрийг өөрчлөх боломжтой
гэж АНУ-ын Сангийн яамнаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан
байна.
“Венесуэлд гарсан
ардчилсан ахиц дэвшлийн хариуд АНУ-ын Сангийн яам Венесуэлийн газрын
тос, байгалийн хий, түүнчлэн алтны салбартай холбоотой гүйлгээ хийхийг зөвшөөрч, хоёрдогч зах зээлийн арилжаанд тавьсан
хоригийг цуцаллаа” гэж тус яам мэдэгджээ.
Тодруулбал, Венесуэлийн
Ерөнхийлөгч Николас Мадуро ардчилсан буулт хийсний хариуд хориг арга
хэмжээг сулруулахаа эртнээс амлаад
байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо
Байдены засаг захиргаа Каракасыг
Карибын тэнгисийн орнуудтай бизнесээ сэргээх боломжийг олгох лиценз, зөвшөөрлийг олгохоор шийдсэн байна.
Энэ алхам нь Ж.Байдены засаг захиргаа Венесуэлтэй харилцаагаа сайжруулах чиглэлд чухал алхам болж байна. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед социалист засаглалтай ОПЕК-ийн гишүүн тус орны эсрэг авч хэрэгжүүлээд байсан хатуу арга хэмжээнээс татгалзаж байна.
Сонгуулийн хэлэлцээрийн тухайд
Мягмар гарагт Венесуэлийн Засгийн газар болон АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчин ирэх оны хоёрдугаар хагаст олон улсын ажиглалт дор санал хураах сонгуулийн баталгааны талаар тохиролцоонд хүрчээ.
Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Хорхе Родригес хэлэхдээ, энэ бол илүү өргөн хүрээтэй
хэлэлцээрт хүрэх эхний алхам юм гэсэн байна. Сөрөг
хүчний төлөөлөгч Жерардо Блайдын
хувьд үүнийг томоохон алхам хэмээн тодорхойлжээ.
Гэвч энэ хэлэлцээрээр сөрөг хүчний нэр дэвшигчдийг төрийн
алба хашихыг хориглосон
хоригийг цуцлаагүйгээс гадна улс
төрийн хоригдлуудыг суллах талаар
огт дурдаагүй тул АНУ-ын хүлээж
байсан үр дүнд хүрээгүй байна.
Венесуэл улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Оросын цэргүүд Украин руу довтолж, улмаар эрчим хүчний хямрал нүүрлэсний дараа Венесуэл дэх улс төрийн мухардмал байдлыг намжаах олон улсын сонирхол нэмэгдсээр байна.