ӨМНӨГОВЬ: Л.Өнөр-Оюун: Газар тариалан эрхлэгчид тариалалтаа төрөлжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-24 12:20:33

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Хүнс үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгч Лхагвасүрэнгийн Өнөр-Оюун хэмээх хөдөлмөрч ажилсаг эмэгтэйтэй ярилцлаа.


-Энэ удаагийн ярилцлагаараа өрхийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй онцлон ярилцаж олон нийтэд таниулахыг зорьж байгаа юм. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Даланзадгад сумын нэгдүгээр багийн иргэн. Намайг Лхагвасүрэнгийн Өнөр-Оюун гэдэг. Нөхөр дөрвөн хүүхдийн хамт зургуулаа амьдардаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс газар тариаланг сонирхон эрхэлж эхэлсэн. Газар тариалан эрхэлнэ гэдэг амаргүй. Маш хүнд уйгагүй хөдөлмөр шаарддаг. Ганцаараа хийнэ гэж бараг байхгүй. Тиймээс аав, ээж, нөхөр, үр хүүхэд гээд гэр бүлээрээ л хөдөлмөрлөж газар тариалангаа хөгжүүлдэг. Ер бол хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж нарийн ногоо тариалан Даланзадгад сумынхаа иргэдийг шинэхэн ногооноор хангаж байна. Шууд хөрснөөсөө иргэдэд хүрдэг болохоор амт чанартай, эко гэдгээрээ илүү давуу талтай.




-Таны хувьд удам дамжсан тариаланч, уйгагүй хөдөлмөрч хүмүүсийн үргэлжлэл болж яваа. Тэгэхээр аав, ээжийн хөдөлмөрч зан төлөвшсөн байна уу? Эсвэл өөрийн амьдралын хүсэл зорилго байв уу?

-Би таван ах, хоёр эгчтэй айлын бага охин. Ах, эгч нар маань бүгд л айл гэр болоод яваад өгсөн. Тэгээд би аав, ээжтэйгээ үлдэж бүхий л ажил үйлсэд нь тусалж, дэмжиж өссөн. Энэ хөдөлмөрч зан чанараа яалт ч үгүй аав, ээжээсээ өвлөн авсан. Миний хамгийн үнэт зан чанар гэж хувьдаа боддог.




-Аав, ээжийгээ танилцуулна уу?

-Аавыг минь Лхагвасүрэн, ээжийг нь Нэргүй гэдэг. Тэд маань хилчин хүмүүс. Залуу насаа хилээ манаж хилийн заставуудаар ажиллаж амьдарсан. Хил хамгаалах байгууллагад хорь гаруй жил ажиллаж байгаад 42 насандаа өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1996 оноос хойш дан ганц хүнс гэлтгүй малын түүхий эд, зэс, гууль, хөнгөн цагаан зэрэг дайвар бүтээгдэхүүнийг иргэдээс худалдан авч цааш нь борлуулдаг байсан. Би гэдэг хүн арьс давслахаас эхлээд бүх ажилд нь тусалж эхэлсэн дээ. Харин 2000 оноос хүнсний дэлгүүртэй болж, 2005 оноос хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлж олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болсон. Энэ бүхэнд гар бие оролцож байлаа. Аав, ээж хоёр маань ийм л ажилч хичээнгүй хүмүүс. Тэр хоёрынхоо дэргэд өдөр бүхэн хамт байж аагтай цайг нь хамтдаа ууж өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч явна.




-Хүнсний аюулгүй байдал эрсдэлтэй болсон өнөө цагт нутгийн шимт хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоогоор иргэдийг хангаж байгаа нь маш том ач тустай үйл юм. Тэгэхээр эрэлт нийлүүлэлт, хүртээмжтэй байдалд ямархуу түвшинд ажиллаж байна вэ?

-Манай говийн иргэд эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг болсон. Аль болох чанартай хүнсийг гэр бүлдээ хэрэглэхийг зорьдог болсон нь харагддаг. Хүн бүр маш их хөдөлмөрч. Тиймээс тариаланч бид эрүүл хүнсийг бий болгохыг зорих нь чухал. Тиймээс орон нутагтаа тус дэмтэй байж, ямар төрлийн ногоог шимт хөрсөндөө тариалж нутгийн иргэдэдээ яаж хүргэх вэ? цаашлаад нийслэл болон хүн ам төвлөрсөн газрууд руу түлхүү нийлүүлэхийг л их бодож зорьж байна. Нэг нь төмс тариалж байхад зэрэгцээд л төмс тариалаад байх нь утгагүй. Тиймээс газар тариалан эрхлэгчид хоорондоо уялдаа холбоотой байж санал бодлоо ярилцдаг байх хэрэгтэй.

Тариалалтын горимдоо өөрчлөлт оруулж чиглэл чиглэлээр нь тариалалт хийхээр байна. Сүүлийн жилүүдэд харьцангуй ярилцаж санал бодлоо солилцдог болсон нь сайн талтай. Миний харж байгаагаар Өмнөговийнхон өөр нутгийн тарвасыг идэхээ больсон байна. Тарвас нь хүний эрүүл мэндэд маш сайн. Ялангуяа бөөрний үйл ажиллагааг дэмждэг. Бид нэг ч гэсэн эрүүл эко хүнсээр орон нутгаа хангаж чадаж байна гэдэг ололтой тал юм. Газар тариаланг манай говь нутагт эрхэлнэ гэдэг маш хэцүү. Үүнийг ойлгодог хүн байна, ойлгодоггүй нэг хэсэг байна. Гэхдээ газар тариалан эрхлэгчид шантрахгүй зорилго тавиад уйгагүй ажиллаж л байна.







-Хүнсний ногооныхоо ихэнх хэрэгцээг бид гаднаас авдаг байсан. Та бүхний уйгагүй нөр их хөдөлмөрийн ач буянаар өнөөдөр эрүүл эко хүнсний ногоог нутаг орноосоо авч хэрэглэх боломжоор хангагдаж байна. Тиймээс орон нутагтаа үйлдвэрлэгчид олон болоосой гэсэн эрхэм зорилгын хүрээнд бид ярилцаж байна. Таны алсын зорилго юу вэ?  Хэчнээн төрлийн хүнсний ногоо тариалж байна?

-Одоогоор манайх 20 гаруй хүнсний ногоо тариалж байна. Аав, ээж хоёр маань модны үрсэлгээг голлон тариалдаг. Жил бүр 5-6 мянган модны үрсэлгээ нэмж тариалдаг. Түүнийгээ уул уурхайн компаниудад хавар борлуулдаг. Харин миний хувьд хүнсний ногоогоороо дагнан тариалж байна. Миний анзаарснаар хүмүүс нийтээрээ хятад, солонгос хоолонд их дуртай болжээ. Тиймээс сүүлийн 2-3 жилд хүнсний нарийн ногоог илүү тариалж байгаа.

Жишээ нь цагаан лууван, өргөст хэмх, улаан лооль, саладны навч гэх мэт. Борлуулалтын хувьд өөрийн гараар талбайгаасаа хурааж хэрэглэгчдэд шууд хүргэх зорилтыг чухалчилдаг. Захиалсан иргэдийн ногоог их, бага гэхгүй гэрт нь хүргээд өгчихдөг. Хүнсний 4-5 дэлгүүр байнгын хамтран ажилладаг. Нийлүүлсэн ногоог өдөртөө л борлуулаад дуусдаг. Хэтийн зорилго гэвэл тариалсан хүнсний ногоогоо даршилж төрөл бүрийн салад хийж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахыг эрмэлзэж байна.

Хэдэн жилийн өмнө бараг хагас тонн шахуу цагаан лууванг тариалан хурааж аваад яаж зарж борлуулах учраа олохгүй байдалд хүрсэн. Тэгээд Улаанбаатар хот руу борлуулах гэтэл 1 кг-ыг нь 900 төгрөгөөр авна гэсэн. Хаваржин, зунжин хөдөлмөрлөсөн хөлс хүчээ тийм хямдхан өгөх нь надад үнэхээр чамлалтай санагдсан. Ингээд хадам ээжтэйгээ ярилцаад цагаан луувангийн кимчи хийж эхэлсэн. Түүнийгээ өөрсдийнхөө хэмжээнд сав баглаа боодолтой болгосон. Ингээд өргөст хэмх, лууван, хүрэн манжингаараа салад хийж даршлаад өвлийн нөөцдөө авдаг болсон. Энэ жилээс тариалалтаа нэмэгдүүлсэн. Одоогоор ургац хураалтаа хийгээд ногоогоо даршлаад эхэлчихсэн явж байна. Байнгын хэрэглэгчидтэй болсон. Сав баглаа боодлоо илүү дэвшилттэй болгож бар кодоо авч өрхийн үйлдвэрлэлээ улам бүр өргөжүүлэн аж ахуй нэгжийн хэмжээнд ажиллах хүсэл сонирхолтой байгаа.



-Тогтмол ажлын байраар хэчнээн хүнийг ханган ажиллаж байна вэ?

-Газар тариалан эрхэлнэ гэдэг олны хүчээр хийдэг ажил. Аав, ээж, ах дүү бүгд оролцдог. Мөн жил бүр хаврын тариалалтын үеэр 4-5 хүнийг тогтмол авч хоёр сарын хугацаанд ажиллуулан цалинжуулдаг. Миний нэг дутагдалтай тал байдаг юм. Хүнээр дутуу ажил хийлгэчихээд дараа нь өөрөө нөхөж хийх гэдэг төвөгтэй. Тиймээс бүх зүйлээ аль болох өөрөө гардан  хийх гээд байдаг юм.


-Өөрийн хүч хөдөлмөрөөр тариалсан шинэхэн ургацаа хураах ямар байдаг вэ? Бахархал нь юу байдаг вэ?

-Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийг би их хэлэх дуртай. Хүн уйгагүй хөдөлмөрлөж тархи оюунаа ажиллуулж байж сайхан амьдарна. Цаг ямагт ажиллаж хөдөлмөрлөж байгаагийн энэ үр шим үр хүүхдүүдэд минь хүрээсэй гэж боддог. Манай хүүхдүүд  2, 3 сартайгаасаа эхлээд намайг дагаад ногооны талбайд гарсан. Газар тариалан гэдэг улирлын чанартай шүү дээ. Тэгэхээр өвөл болоод ирэхээр үхрийн шийрээр стүжин хийж эхэлдэг. Мөн сар шинэ дөхөөд ирэхээр хамаатан садан, найз нөхөд байнгын хэрэглэгчдээсээ захиалга аваад бууз хийнэ. Өнгөрсөн жилээс стүжингийнхээ орц, найрлагыг нь нэмэгдүүлэн илүү гоё болгосон. Тэгээд хүмүүст илүү хүргэх, хэрхэн удаан амт чанарыг нь  алдагдуулахгүйгээр хадгалах вэ? зэрэгт их анхаарсан. Хаяг шошготой болгож, вакуумддаг машин худалдаж авлаа. Олон төрлийн хэмжээтэйгээр гаргаж байгаа нь хэрэглэгчдэд их таалагдаж байгаа.

Өөрийн хэрэгцээндээ тааруулаад худалдан авалт хийхэд нь тохиромжтой. Бидний хэлж заншсан стүжин буюу царцаамаг нь хүний бие махбодид их хэрэгтэй. Үе мөч өвдөхөд тосноос нь түрхэнэ. Кальциар баялаг, өвдөгний шингэнийг нөхдөг гэх зэрэг олон сайн талтай. Настай хүмүүсийн үе мөч өвдөж хууч хөдлөхөд мөн тосноос нь түрхчихэд сайн гам алдахгүй бол үр дүн өндөртэй. Би өөрийн биеэр туршиж мэдэрсэн. Ингээд л зүгээр суухгүй хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй л явна. Сая “Говь фестиваль” үзэсгэлэн худалдаагаар цагаан луувангийн кимчигээ хэд хэдэн төрлөөр хийж борлуулалт хийсэн. Солонгос хоолонд олон төрлөөр ордог юм билээ. Тэгэхээр эрэлт хэрэгцээ сайтай, борлуулалт сайн байхаар санагдсан.








-Бид өнгөрсөн хугацаанд их олон зүйлээ гээж дээ. Үйлдвэрлэлээ бүрэн устгасан. Идэж уух, өмсөж зүүхээ бүгдийг нь үйлдвэрлэдэг байсан ард түмэн шүү дээ. Тэгэхээр ЖДҮ-ийг дэмжих тал дээр төрийн бодлого шийдвэр хэр хүрч байна гэж боддог вэ?

-Миний хувьд хүн нэг бүр өөртөө хайртай хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй санагддаг. Орон нутагтаа цаашлаад эх орондоо хэрэгтэй юуг би илүү сайн хийж чадах вэ? гэдгийг маш сайн ухамсарласан байх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхэлдэг бидний хувьд дэмжлэг туслалцаа юу байна гээд эрж хайгаад үзэхээр ЖДҮ-ийн зээлийн нөхцөл нь хэтэрхий өндөр шалгууртай. Бид жижигдээд байдаг. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд нэг хавар, нэг намрыг чадахаараа тэсвэрлэн өнгөрүүлсээр байдаг. Энэ бүхний зовлонг ойлгодог нь их ховор. Манай говийн хөрс ямар их үржил шимтэй билээ. Талбайгаа нийтэд нь томоор нь ашигламаар л байдаг. Газар тариалан эрхлэгчдээ дэмжих нь их чухал хэрэгтэй байна. Аймаг орон нутгаас огт дэмждэггүй биш дэмжээд байдаг боловч тэр нь хүртээмж муутай цөөн хүнд хүрдэг. Үр дүн байхгүй байна.






-Өрхийн болон бичил бизнес  эрхлэгч иргэдэд үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 5-10 сая төгрөгийн зээлийг олгодог. Энэ нь бодит дэмжлэг болдог уу?

-Одоогийн энэ цаг үед үнэхээр бага мөнгө. Хаврын тариалалт хийхэд зарцуулдаг урсгал зардал шүү дээ. Өнөөдрийн амьдрал ямар байсан тэр чигээрээ л байж байдаг. Нөлөө байхгүй. Надад том зорилго бий. Энэ салбарт хөл тавьсаных хийж хэрэгжүүлье гэж зорьсон ажлуудаа хиймээр санагддаг. Миний одоогоор зорьж байгаа ажил өвлийн хүлэмжтэй болох юм. Тусламж дэмжлэг авч чадахгүй байсан ч ах дүү төрөл садантайгаа нийлээд авна л гэж бодож байна. Өвлийн хүлэмжтэй болчихвол Даланзадгад сумынхаа иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ ногоогоор хангах боломж бүрдэх юм. Энэ жил 2 компанитай гэрээ байгуулсан. Тогтмол ногоогоо багц болгоод нийлүүлээд явахаар илүү амар юм билээ.


-Танд баярлалаа. Зорьж тэмүүлж хэрэгжүүлэх үйл бүхэн нь дэлгэрч байх болтугай.

 

相关新闻