ӨВӨРХАНГАЙ: Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-18 11:29:58

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 17-ны өдөр боллоо.

 

Монгол Улсад 1923 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ”Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг байгуулснаар одоогийн Мал эмнэлэг, үржлийн албаны үндэс суурь тавигдсан байна. Харин Өвөрхангай аймагт 1931 онд Мал эмнэлгийн тасгийг байгуулж, бага эмч, санитарч гэх орон тоотойгоор малын гоц халдварт өвчинтэй тэмцэж эхэлжээ.

 

Одоогоор Мал эмнэлгийн алба нь гурван алба, 25 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн баярын хурлаар хэлсэн үгэндээ, “Хүний эмч хүнийг эмчилдэг, малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэх үг бий. Манай аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба нь үүсэж хөгжсөн түүхэн хугацаандаа боловсон хүчин, материаллаг бааз, техник хэрэгслийн хувьд хөгжиж, тэр хэрээр мал сүргийн тоо толгойг өсгөх, малчин ардынхаа нөр их хөдөлмөрт үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан” хэмээн дүгнэлээ.



ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Мал эмнэлгийн салбар нь боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр, хүн амыг баталгаат, аюулгүй хүнсээр, экспортын шаардлага хангасан малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэх Монголын уламжлалт бөгөөд ирээдүйтэй салбар” хэмээн онцолж, тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

 

Аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн албанаас 2015-2022 онд 150 мянган малыг үзлэг ангилалд хамруулан бүртгэлжүүлж, цөм сүргийн малыг 100 гаруй мянгаар нэмэгдүүлж, үүлдэр омгийн 14 мянган хээлтүүлэгчийг нийлүүлсэн байна. 

相关新闻