СӨХ-ны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 16:03:02

Дорноговь аймгийн Сайншанд хотод сүүлийн  жилүүдэд 400-500 айлын орон сууц тогтмол ашиглалтад ордог болсон ч оршин суугчдаас  орон сууцны чанар, стандарттай холбоотой гомдол санал орон нутгийн засаг захиргаанд  ихээр ирдэг болжээ.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад  Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзав хотхоны зарим айлын орон сууцны метр квадрат нь дутуу байсныг зураг төсвийн мэргэжлийн компанийн дүгнэлтээр тогтоосон байна.

Мөн СӨХ-ны үйл ажиллагаа тааруу, дээрээ нэгдсэн  зохион байгуулалтгүй, холбооны  үйл ажил нь зогсонги байдалд орсон, мөн барилгын ажлын хяналт сул байгаа нь сууц өмчлөгчдийг хохироож байна гэх санал шүүмжлэлийн дагуу тус аймгийн ИТХ-аас орон сууц тойрсон асуудлын талаар сонсгол хэлэлцүүлгийг энэ оны есдүгээр сарын 28-нд зохион байгуулахаар болжээ.

Сонсгол хэлэлцүүлэгт Сайншанд сумын сууц өмчлөгчид, Сууц өмчлөгчдийн холбоод, барилгын компани болон барилгын ажил хариуцсан төрийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻