ГОВЬ-АЛТАЙ: "МонПэн санаачилга" төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ.
Төслийн нээлтийн үйл ажиллагаа болон сургалтыг Алтай хотноо аравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга”, ХБӨ/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа ахлагчтай хөтөлбөр хэрэгжүүлэх баг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарын төлөөлөлтэй нөлөөллийн уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар "МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.