“Намрын үдшийн галерей” гурван өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Уран зургийн галерейгаас 2019 оноос зохион байгуулж буй "Намрын үдшийн галерей" энэ сарын 20-22-нд гурван өдрийн турш 10.00-24.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтийн урлагийн боловсролын цар хүрээ, хүртээмжийг сайжруулах, нийгмийн стрессийг бууруулж иргэдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг таниулан сурталчлах, ирээдүйн үзэгчдийг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд бэлтгэх зорилготой.
Уран зургйин галерейн үзэсгэлэнгийн танхим бүрд сонирхолтой, тав тухтай, өвөрмөц урлагийн орчин бүрдүүлж, урлагийн боловсролын цогц үйл ажиллагааг зохион байгуулж бүхий л насны урлаг сонирхогч, үзэгчдэд хүргэдгээрээ онцлог юм.
Монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох баримтлалд тулгуурлан хүүхэд багачуудад зориулсан сэтгэл зүйн театрчилсан үзүүлбэр “Үдийн хоолонд зочилсон хурга”, олон нийтийн оролцоот уран бүтээл “Цаг хугацаагаар аялагч”, “Олон нийтийг хамруулсан “Бүлгийн сэтгэл заслын уулзалт”, урлагийн төрөл зүйлүүдийн хослол “Хөгжимтэй зураг”, кино булан хөтөлбөр бэлтгэн галерейд зочилсон үзэгчдэд хүргэх юм.
Мөн тус галерей үндсэн үйл ажиллагааныхаа 30-40 хувийг урлагийн боловсролын хөтөлбөрт суурилсан үйл ажиллагаанд зориулдаг.
“Намрын үдшийн галерей” үйл ажиллагаанаас олон төрлийн урлагийн боловсролын үйл ажиллагааг шингээж урлагаар дамжуулан хүмүүст эерэг нөлөөлөл бий болгох, урлагийг хүний сэтгэл зүй, мэдрэмжтэй хослуулан түгээнэ гэдгийг Уран зургийн галерейн хамт олон тодотгов.
