ТӨВ: “Хөдөөгийн сэргэлт-Нээлттэй Төв аймаг” форумыг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг энэ сарын 13-нд Зуунмод хотод зохион байгууллаа.
Форумын үеэр “Нийлүүлэгч аймгаас
үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн
танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд
бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын
өдөрлөг, “Төв аймаг -Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй
ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг”-ийг тус тус зохион байгуулж байна.
Форумын хүрээнд зохион байгуулж буй
“Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т төрийн 10 байгууллага, 12 хувийн
хэвшлийн байгууллагууд оролцож, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ
үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчлав.
Харин “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн
хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга, ажлын
ярилцлага хийж E-Job программд ажлын байрны захиалга болон ажил
хайгчийг бүртгэж байгаа юм.
Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн
үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128 байгууллагын 699 ажлын
байрны захиалгыг ангилан, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр
ханган ажиллалаа.
Орон нутгийн онцлогийг тусган бие даасан хөтөлбөр батлан
хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын 2023 оны 03 дугаар
тогтоолоор “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөрийг батлаад байна
Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн
өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт
зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт
амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчиллаа.
Түүнчлэн Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуйн нэгж, байгууллага, 800 гаруй иргэн Төв аймагт шилжин суурьшиж ажиллаж, амьдарч байна.