Toyota, Idemitsu компаниуд цахилгаан машины цэнэг хураагуурын салбарт хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-12 17:55:04

НАГОЯ, 2023 оны аравдугаар сарын 12 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани хатуу төлөвт цэнэг хураагуурыг олноор үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх чиглэлд эрчим хүчний Idemitsu Kosan компанитай хамтран ажиллахаар болсноо пүрэв гарагт мэдэгдлээ.


Энэхүү гэрээ нь дараагийн үеийн цэнэг хураагуурыг 2027 он гэхэд ашиглаж эхлэх зорилгодоо хүрэх манай компанийн хүчин чармайлтын нэг хэсэг юм” гэж Toyota-гийн мэдэгдэлд дурджээ. Тус компани өрсөлдөгч автомашин үйлдвэрлэгчид нь цахилгаан автомашины туулах зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх хатуу төлөвт цэнэг хураагуурыг бүтээхээр өрсөлдөж буй үед ийм алхам хийж байна. 


Шинэ батерей нь Toyota-гийн bZ4X цахилгаан автомашины туулах зайг хоёр дахин нэмэгдүүлж, цэнэглэх хугацааг 10 орчим минут болгон богиносгох бөгөөд энэ нь одоогийн технологид шаардагдах хугацааны гуравны нэгтэй тэнцэнэ гэж Toyota зургаадугаар сард мэдэгдсэн юм. Хоёр компани бүрэн цахилгаан автомашины цэнэг хураагуурын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалд голчлон анхаарна. Талууд мөн цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход хамтран ажиллах ажээ.


相关新闻