Европын Холбоо Хятадын ганд нэмэлт татвар ногдуулах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 11 /Financial Times/. Хятадын засгийн газар гангийн үйлдвэрлэгчиддээ татаас олгосон эсэхийг Европын Холбоо /ЕХ/ нягтлан шалгахаар төлөвлөж байна.
Хэрэв шалгалтаар Хятадын гангийн үйлдвэрлэгчдийг засгийн газраас дэмжсэнээр бусад улсын өрсөлдөгчдөөсөө давуу байдлыг олж авсан нь тогтоогдвол ЕХ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Хятадын ганд нэмэлт татвар ногдуулж магадгүй юм.
Ийм арга хэмжээг АНУ-ын эрх баригчид хэдийнэ авсан бөгөөд Хятадын ганд 25 хувийн нэмэлт татвар ногдуулжээ. Харин ЕХ-ны удирдлага АНУ-ын энэ шийдвэрийг хуулбарлахгүй байхаар шийдсэн байна. ЕХ Хятадын арав орчим төрлийн гангийн импортод демпингийн эсрэг татвар ногдуулаад байгаа юм. Гэвч Европын гангийн салбарынхан уг арга хэмжээг үр дүнгээ өгөхгүй байна гэж мэдэгдэж байгаа ажээ.
“Худалдааг хамгаалах уламжлалт хэрэгслүүд энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Бид эдгээр хэрэгслийг 50 жилийн турш ашиглаж ирсэн боловч үр дүнгээ өгөхгүй байна. Дэлхий даяарх гангийн илүүдлийг засгийн газрууд бий болгож байна. Бидэнд шинэ арга хэрэгсэл хэрэгтэй” гэж “Eurofer” компанийн ерөнхий захирал Аксель Эггерт ярилаа.
Financial Times сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид Европын үйлдвэрлэгчдэд гангийн татвар ногдуулахгүй байсныхаа хариуд Хятадын эсрэг нэмэлт арга хэмжээ авахыг Брюсселиэс хүсжээ. Ийм төрлийн татварыг Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд Европын гангийн импортод ногдуулсны хариуд ЕХ Америкийн зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж байсан юм. Талууд 2021 онд Хятадын импортыг хязгаарлах зорилготой гангийн тогтвортой үйлдвэрлэлийн санаачилгын хүрээнд хамтран ажиллах болсон тул дээрх татваруудыг цуцалсан билээ.
АНУ, ЕХ-ны удирдагчид энэ сарын 20-нд уулзах үеэрээ дэлхийн зах зээлийг дүүргэсээр буй Хятадын металлын экспортыг хязгаарлахад чиглэсэн Дэлхийн ган, хөнгөн цагааны хэлэлцээр байгуулснаа зарлах төлөвтэй байна.