ДОРНОГОВЬ: “Гэтэлгэх мөр” туульсын драмын жүжгийг Улаанбаатарт тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарын зохиол “Гэтэлгэх мөр” туульсын драмын жүжгийг Улаанбаатар хотноо энэ сарын 24-25-нд тоглоно.
Ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчид энэхүү жүжгийг говийн иргэдэд өнгөрсөн тавдугаар сард хүргэсэн бол эдүгээ нийслэлийн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Жүжигт Шамбалд хүрэх замын тухай гардаг бөгөөд хаан, харц ард, хулгайч шуналтан, шагжийн номын эзэн, зовлонт эх… зэрэг олон дүрийн мөн чанараас “Гэтэлгэх мөр”-ийн нууцыг мэдэж болно.