ГОВЬ-АЛТАЙ: “Говийн гайхамшигт-6” санаачилгын талуудын долоодугаар зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. GG6 буюу “Говийн гайхамшигт-6” санаачилгын талуудын долоодугаар зөвлөгөөн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй аргаар төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зэрэгцэн амьдаръя” сэдвийн дор Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд энэ амралтын өдөр боллоо.
Зөвлөгөөнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн төлөөлөл болон Хустай БЦГ, Их Богдын БЦГ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар, ГИДЦГ-ын А болон Б хэсэг, Хүйсийн говь-цэцэг нуурын сав газрын төлөөлөл гээд 85 гаруй оролцогч хүрэлцэн ирж монгол бөхөн, хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт зэрэг говийн гайхамшигт зургаан амьтдыг хамгаалах чиглэлд хийж буй ажлууд болон ахиц үр дүнгээ танилцуулав.
Үүний сацуу оролцогчид амьтдын амьдрах орчинд шугаман дэд бүтцийн үзүүлж буй нөлөөллийг бууруулах ажлын талаар ярилцаж, шинээр төлөвлөж буй шугаман дэд бүтцийг төлөвлөн барихдаа эдгээр амьтдын нүүдлийн болон идэш тэжээлийн зам, амьдрах орчныг тооцон харгалзаж байх тухай санал солилцсон тухай холбогдох албанаас мэдээллээ.
Зөвлөгөөний төгсгөлд GG-6 санаачилгын оролцогч талууд жил бүрийн Тунхаг бичигт гарын үсэг зурж, говийн амьтдаа хамгаалах нэгдсэн нэг зорилгынхоо төлөө тууштай хамтран ажиллахаа баталгаажуулав.
Уулзалт зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгууллаа.