ӨМНӨГОВЬ: Камержуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Даланзадгад
сумын хэмжээнд гэр хорооллын гудамж, сургууль цэцэрлэг, албан байгууллагууд, үйлчилгээний газрууд зэрэг хүн амын төвлөрөл
ихтэй орчмын газруудаар камержуулалтыг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн
хэмжээнд 210 камер байгаагаас 92 нь аймгийн төв буюу Даланзадгад суманд байна.
Хяналтын камеруудыг замын хөдөлгөөний аюулгүй байдалд зориулан суурилуулсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор зарим сумын төвийг камержуулж, хяналтын систем байршуулах ажлыг мөн эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналтын камер шинээр суурилуулах, шилэн кабелийн шугам сүлжээнд
холбох ажлыг идэвхжүүлэн, аймгийн хэмжээнд камержуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг шуурхай удирдлагын төв буюу дуудлага хүлээн
авах
нэгдсэн төвийг 2024 онд Даланзадгад
суманд байгуулахаар ТЭЗҮ-г мэдээлэл
дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд хүргүүлжээ.
Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа, камержуулалтын
"Ногоон бүс" төсөл буюу тухайн бүс нутгийг теле камерын бүрэн
хяналтад авах, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Даланзадгад сумын төвийн хэсгийг жишиг болгох ажлыг хийж
хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Орон нутагт хяналтын камерыг хоёр дахин нэмэгдүүлснээр гэмт хэрэг зөрчил
буурах, цаг
алдалгүй илрүүлэх, урьдчилан
сэргийлэх, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоог
багасгах, таслан зогсооход тодорхой үр дүнг үзүүлнэ гэж мэргэжлийн байгууллагууд онцоллоо.