ДХБ: Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-06 10:48:12

ЖЕНЕВ, 2023 оны аравдугаар сарын 6 /Xinhua/. Энэ онд дэлхийн худалдааны хэмжээ 0.8 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар Дэлхийн худалдааны байгууллага /ДХБмэдээллээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамаглалтай /1.7 хувьхарьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.


2022 оны дөрөвдүгээр улирлаас эхэлсэн огцом уналт үргэлжилсээр байгаатай холбогдуулан ДХБ-ын эдийн засагчид дэлхийн худалдааны өсөлтийн талаарх таамаглалыг бууруулав гэж пүрэв гарагт танилцуулсан тус байгууллагын хамгийн сүүлийн үеийн тайланд дурджээ. Харин 2024 онд дэлхийн худалдааны хэмжээ 3.3 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх төсөөллөөс нэг их өөрчлөгдөөгүй гэж ДХБ мэдээллээ. 


Инфляц урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдсанаас гадна мөнгөний хатуу бодлогын нөлөө АНУ, Европын Холбоо болон бусад орнуудад мэдрэгдэх болсонтой холбоотойгоор дэлхийн худалдаа, үйлдвэрлэл 2022 оны дөрөвдүгээр улиралд огцом саарсан юм. Эл нөхцөл байдал нь олон улс орон, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамран өргөн цар хүрээнд нөлөөлж байна гэж ДХБ мэдэгдсэн байна.


Урьдчилсан таамаглалд дурдсанаар, ирэх онд ДНБ удаан боловч тогтвортой өсөхтэй зэрэгцэн худалдааны өсөлт нэмэгдэх ёстой. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн сүлжээ хуваагдах шинж илэрч эхэлж байгаа нь 2024 оны харьцангуй эерэг төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.


“Геополитикийн хурцадмал байдалтай холбоотой худалдааны хуваагдлын зарим шинж тэмдэг үзэгдэх болоод байна. Аз болоход, даяарчлалын ухралт илүү өргөн хүрээнд хараахан ажиглагдаагүй байна” гэж ДХБ-ын ахлах эдийн засагч Ральф Осса ярилаа.


ДХБ-ын тэргүүн Нгози Оконжо-Ивеала хэлэхдээ, 2023 онд худалдаа саарах төлөвтэй байгаа нь дэлхий даяар хүмүүсийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөх тул мэргэжилтнүүдийн санаа зовниж байна гэв. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хуваагдал нь эдгээр сорилтыг улам дордуулах болно гэж тэрбээр хэлээд, худалдааны хамгаалах бодлогоос зайлсхийж, илүү уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг дэмжих замаар дэлхийн худалдааны тогтолцоог бэхжүүлэхийг ДХБ-ын гишүүн орнуудад хандан уриалжээ.

相关新闻