2023 он хамгийн халуун жил болох төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЕРЛИН, 2023 оны аравдугаар сарын 6 /DW/. Энэ он түүхэн дэх хамгийн халуун жил болох төлөвтэй байгаа талаар Европын Холбооны /ЕХ/ Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн сар хамгийн дулаан есдүгээр сар болсон байна.
Тус байгууллагын
тооцоолсноор, 2023 оны 1-9 дүгээр сарын дэлхийн температур олон жилийн дунджаас
0.52 хэмээр илүү байжээ. Мөн түүхэнд хамгийн халуун жил болж тэмдэглэгдэн
үлдсэн 2016 оны эхний есөн сараас 0.05 хэмээр илүү халуун байжээ.
Энэ оны дэлхийн дундаж
температур аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оны дунджаас 1.5 хэмээр
халуун байсан байна.
“Уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх нь урьд
хожид байгаагүйгээр тулгамдсан асуудал болоод байна” гэж Уур амьсгалын өөрчлөлт судлалын
газрын дэд дарга Саманта Бержесс Дубайд болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх
хурал эхлэхээс хоёр сарын өмнө гаргасан тайландаа цохон тэмдэглэжээ.
Газраас олборлодог түлшийг шатааж байгаагаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалт, шуурга зэрэг байгалийн
гамшигт үзэгдлүүдийн давтамжийг улам нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулсаар
байгаа билээ.
Тайланд есдүгээр
сарын талаар юу гэж бичив?
Тайланд дурдсанаар,
2023 оны есдүгээр сар түүхэн дэх хамгийн халуун есдүгээр сар болжээ. Дэлхийн гадаргын
агаарын дундаж температур 16.38 хэм байсан нь 1991-2020 оны дунджаас 0.93
хэмээр илүү байв.
Мөн 2020 онд
тохиож байсан өмнөх хамгийн халуун есдүгээр сараас 0.5 хэмээр дулаан байснаас
гадна аж үйлдвэржилтийн өмнөх үеийн есдүгээр саруудын дунджаас ойролцоогоор
1.75 хэмээр дулаан байжээ.
“Дунджаас
илүү чийглэг” есдүгээр сар
Европт есдүгээр
сар түүхэн дэх хамгийн халуун байснаас
гадна тивийн баруун хэсгийн
далайн эргийн олон бүсэд “дунджаас
илүү чийглэг” байсан
гэж тайланд дурджээ. Мөн Даниел
шуурганы нөлөөгөөр Грект их хэмжээний бороо
орсныг онцолжээ. Уг шуурганы улмаас Ливид үерийн гамшиг нүүрлэж, олон мянган хүн амиа алдаж, зүүн нутгийн Дерна хот ихээхэн хохирол амссан юм. Түүнчлэн Иберийн
хойг, Ирланд, Британийн хойд хэсэг, Скандинавт их хэмжээний бороо оржээ.
Европоос гадна Латин Америкийн Бразил, Чили улсуудад ч мөн бороо ихтэй байсан бөгөөд эдгээр улсын өмнөд нутгуудад хур тунадас ихээр унасныг тайланд дурджээ.
Уур амьсгалын
өөрчлөлт судлалын газар хиймэл дагуул, хөлөг онгоц, нисэх онгоц болон дэлхий даяарх цаг уурын
станцуудаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан компьютероор боловсруулсан дүн шинжилгээнд үндэслэн тайлангаа гаргажээ.