Чуулган: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймагт төрсөн. 48 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.