Хойд Курилийн Эбеко галт уул сэржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 5 /INTERFAX/. Курилийн бүлэг арлын хойд хэсэгт орших Парамушир арлын Эбеко галт уул идэвхжиж далайн түвшнээс дээш 3.5 км өндөрт үнс нурам цацлаа гэж Сахалин мужийн Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлэв.
"Үнс нурман үүл галт уулаас зүүн өмнөд чиглэлд 5 гаруй км зайд сунан тогтсон. Умард Курил сууринд үнсэн бороо одоогоор ажиглагдаагүй байна" гэж уг мэдээнд дурджээ. Түүнчлэн хүхэрт устөрөгчийн үнэр хотод мэдрэгдээгүйгээс гадна хүн амд ямар нэгэн аюул учраагүй байна.
Умард Курил хотоос долоон километрийн зайд Вернадын нурууны хойд хэсэгт орших Эбеко нь (1156 м өндөр) гурван тогоо бүхий, конус хэлбэртэй галт уул юм. Үүнээс өмнө уг галт уул 2012 онд оргилж байсан бөгөөд дараа нь галт уулын унтаа үе 2016 он хүртэл үргэлжилжээ.
Эбеко нь эртний унтарч буй галт уул учраас халуун лаав оргилох магадлал бага гэж эрдэмтэд үзэж байна. Мэргэжилтнүүд Эбекогийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг анхааруулжээ.