Ил задгай худалдааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай буюу “Хангайн бүс” худалдааны төвийн замын эсрэг талд төмс, хүнсний ногооны ил худалдаа төвлөрөөд байна. Үүнийг цэгцэлж нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор аймгийн удирдлагууд нөхцөл байдалтай очиж танилцсан юм.
Ургац хураалт ид өрнөж буй энэ үед тариаланчид тухайн хэсэгт төмс, хүнсний ногоогоо бөөний үнээр худалдах хүсэлтэй байгаагаа орон нутгийн удирдлагуудад хэллээ. Иймд гаднах орчинг эмх цэгцтэй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд талбайн зохион байгуулалтыг сайжруулж лангуу, сандал тавих боломжийг бүрдүүлэх, хогийн сав байрлуулж, био жорлон ажиллуулахаар болов. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Хот тохижуулах газар, ЦГ-ын Замын Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбай буюу “Хангайн бүс” худалдааны төвийн замын эсрэг талд 50 гаруй иргэн төмс, хүнсний ногоо худалдан борлуулж байна. Өглөөний цагаар 30-40 авто машин нэг дор ирж ногоо бөөнддөг аж.
Б.Оюун-Эрдэнэ