ХАА, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж байгаатай санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Мексикийн парламент дахь найрамдлын бүлгийн дарга нарын ээлжит цахим уулзалт боллоо.
УИХ-ын гишүүн,
УИХ дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд Мексикийн
Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн
дарга Мануэль Гулермо Чапман Моренотой цахимаар уулзаж, цаашдын хамтын
ажиллагааны талаар санал солилцов.
УИХ дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга
Т.Доржханд, Монгол Улс, Мексик Улстай тогтоосон дипломат харилцаа идэвхжин
хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг улам
өргөжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын
парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Морено Монгол Улсын
Их Хуралтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр талууд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал
жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгаатай санал
нэгдэж, бүхий л хэлбэрээр дэмжин ажиллахаа харилцан илэрхийлжээ. Мөн хоёр улсын парламент
хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс парламентын найрамдлын бүлгийн
гишүүдийн харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах талаар ярилцаж, санал
солилцсоныг УИХ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.