Л.Оюун-Эрдэнэ: Газрын тосны үйлдвэр бол Монгол-Энэтхэгийн найрамдалт харилцааны бэлгэдэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-11 10:00:09

Алтанширээ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны есдүгээр сарын 8-нд Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа.


Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг Алтанширээ сумын нутагт барьж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тодорхой мэдээлэл хүргэсэн.


Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн багц ажлыг хэрэгжүүлж байна. Анхны дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг монголчууд өөрсдөө 2018-2019 онд барьж дуусгасан юм.


Дээрх дөрвөн багц ажил нь EPC 01 буюу технологийн бус барилга байгууламж, EPC 02 буюу атмосферийн болон вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд, EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станц, EPC 04 буюу лицензтэй технологийн байгууламжууд гэсэн хэсгээс бүрдэж байна. EPC 01 багц ажлын хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам, сувагчлал зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж буй бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Projects International Limited” компани нь 2021 оны нэгдүгээр сард барилга угсралтын ажлыг эхэлсэн байна.


Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 92,4 хувьтай явж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дуусгах  төлөвлөгөөтэй аж. Уг багц ажлын хүрээнд барих барилга, байгууламжуудын ажил үе шаттайгаар дуусгавар болж байгаа бөгөөд эхний ээлжинд "Ширээт-Бор хөөвөр" чиглэлийн 10кВ, 35кВ цахилгаан дамжуулах шугам, 10/35кВ-ын 2500кВА, 35/10кВ-ын 2500кВА чадалтай дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд барина. Эдгээр байгууламжуудын ажлын зургийг Испанийн “Intecsa компани гүйцэтгэж байна.


EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдана. Ажлын зургийг Италийн “STF Termotechnica” компани гүйцэтгэж байна. ДЦС-ын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens” компани, уурын зуухыг тус улсын “ThyssenKrupp” үйлдвэрлэж буй аж.


EPC 02, 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч, 2022.10 сард гэрээ байгуулж, инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган 2023 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхэлсэн юм.


Ерөнхий гүйцэтгэгч компаниас ирүүлсэн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, зураг төслийг хянах ажлаас гадна резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакадын барилга угсралтын ажил хийгдэж байна.EPC 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын патенттай технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай 2022 оны нэгээс дөрөвдүгээр сард гэрээ байгуулжээ.


Тухайлбал устөрөгчийн үйлдвэрийг Италийн Kinetics Technology, хүхэр ялгах байгууламжийг Францын Axens, бензин боловсруулах, гидрокрекинг, дизелийн гидроцэвэрлэгээ, шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудыг АНУ-ын UOP Honeywell, Висбрекинг, Нидерландын Shell компани тус бүр өөр өөрийн патенттай технологийн байгууламжуудын зураг төслийн багцыг (BDEP) боловсруулж дуусгажээ.


Харин үйлдвэрийн Лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дуусч, шалгарсан компанитай гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.


Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх технологийн байгууламжуудын барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байна хэмээн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн мэдээлэлд дурдсан байна.

 

 Л.Оюун-Эрдэнэ: Газрын тосны үйлдвэр бол Монгол - Энэтхэгийн найрамдалт харилцааны бэлгэдэл юм


 Энэтхэг Улс бол манай орны оюун санааны хөрш юм. Тиймээс хоёр улсын хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэр Монгол Энэтхэгийн найрамдалт харилцааны бэлгэдэл учраас зайлшгүй амжилтад хүрэх ёстой. Дотооддоо шатахуунаа үйлдвэрлэх боломж бололцоог манай улсын үе үеийн Засгийн газар эрэлхийлж хангаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа анхны гэрээ хэлэлцээрийг хийж суурийг нь тавьсан байдаг. Тухайн үед би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Энэтхэгийн Засгийн газрын Комиссын даргаар ажиллаж энэ төслийг эхлэхэд гар бие оролцож байлаа.


Монгол Улс жилдээ 1.8 тэрбум орчим долларыг шатахууны хэрэгцээгээ хангахаар гадагшаа зарцуулдаг. Үйлдвэр барьснаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой дараагийн асуудал гэрээ хэлцлийг Засгийн газрын хуралдаанаар хэлцэцэж тодорхой шийдвэр гарган энэ төслийг бүх талаар дэмжиж ажиллана гэв.


Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж байгаа БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Дорноговиос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, ажил хариуцсан төрийн алба хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн ажилтнууд, орон нутгийн удирдлага холбогдох хүмүүс, төсөл дээр ажиллаж байгаа компаниуд гээд бүх хүнд талархал илэрхийлье гэв.

 

Газрын тос дамжуулах 110 гаруй км хоолойн бүтээн байгуулалтыг хийжээ

Үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл барина. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох аж.


Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхэлж өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлыг хийж зургаан байршилд кемпийн барилга угсралт, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг 2023 оны зургаадугаар сард эхэлсэн байна.


Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж буй. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд буулгасан хоолойн хэмжээ 143,5км (11960ш) ба үүнээс 110км хоолойг гагнаж холбоод байгаа бол 71км шугам хоолойд радиографийн сорил хийжээ.

 

Газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг 2025 онд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

相关新闻