ЗАВХАН: Дэлхийн аваргаас таван медальтай ирсэн С.Будхүүд хүндэтгэл илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.
Өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон таеквондогийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд амжилттай
оролцсон С.Будхүүг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь тэмцээнд Завхан аймгийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер С.Будхүү таван төрөлд оролцож медаль хүртжээ.
Гуравдугаар даны түлийн төрөл буюу техник дасгалын төрөлд, Монгол Улсаас нийт 9 тамирчин өрсөлдсөнөөс С.Будхүү мөнгөн медаль хүртжээ.
Мөн багийн түл, техник дасгалын
төрөлд хүрэл, тулааны ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн тулааны төрөлд хүрэл,
багийн хатуу биет хугалах төрөлд хүрэл медаль авч дэлхийн аваргын тэмцээнээс
хоёр мөнгө, гурван хүрэл медалийг тус тус хүртсэн байна.
Тэрбээр Цагаанхайрхан сумын уугуул бөгөөд Завхан аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад, “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 оноос хойш нийт дөрвөн удаа оролцож, найман медаль хүртсэн байна.
С.Будхүү нь аймагтаа ажиллаж амьдарч, бэлтгэл
сургуулиа хийхээс гадна олон шавьтай. Түүний үүсгэн байгуулсан
“Цэцэн Шонхор” клуб болон салбар клубүүд нь таеквондогийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд
залуучууд бүхий 950 орчим тамирчдыг бэлтгэжээ.
Түүнийг Улиастайд ирэхэд нь, аймгийн удирдлагууд болон Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, шавь нар, гэр бүлийнхэн нь хүндэтгэлтэй угтаж авсан байна. Харин өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга
Н.Тамир, Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн нар хүлээн авч уулзлаа.
С.Будхүүг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход
аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэмцээндээ амжилттай оролцсонд нь
талархал илэрхийлж баяр хүргэлээ.
Түүнчлэн орон нутгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд санаачилгатай ажиллаж, таеквондогийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудын тоо нэмэгдсэн төдийгүй, тууштай бэлтгэл сургууль, хичээлийг тогтвортой зааж сургадаг.
Дотоодын болон, бүс, улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлж буй Завхан аймгийн тамирчдын
тоог нэмж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж буйд нь талархаж дурсгалын зүйл
гардуулан өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.