ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын хэмжээнд он гарсаар 24 хүүхдийн эрх зөрчигджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-08 12:27:12

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нэгдсэн хурал зохион байгууллаа.

 

Тус хороо нь гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн хохирогч болж эрх нь зөрчигдсөн хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн нас биед тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлж, үйлдсэн гэм бурууг ойлгуулах, учирсан хохирлыг барагдуулах, сөрөг нөлөөнөөс хамгаалж хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлэн ажиллах гол үүрэгтэй.

 

Өмнөговь аймгийн хувьд  уул уурхай, нүүрс тээвэр дагасан явуулын хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас үүдэн бага насны охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал, бэлгийн замын халдвар, зам тээврийн осол эндэгдэл, гэр бүл салалтын үзүүлэлт буурахгүй байна.

 


Тиймээс энэхүү нөхцөл байдалд шуурхай бодлого боловсруулан анхаарч ажиллах, зөрчлийг нэн тэргүүнд багасгах хэрэгтэй байгааг аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж  мэргэжилтнүүдэд анхааруулан хэллээ.

 

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурлаар Хууль хүчний байгууллагууд, Өмгөөлөгчдийн холбоо, Хүүхдийн эрхийн байгууллага зэрэг чиг үүрэгтэй нэгтэй төрийн болон төрийн бус байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллаж хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, цаг алдалгүй хурдтай сайн ажиллах, хохирогч хүүхдүүдийг хэвийн амьдралд эргэн нэгтгэх, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн эмчилгээ зөвлөгөөг мэргэжлийн хэмжээнд хүртээмжтэй хүргэх, хүүхдүүдийн гэр бүлтэй ажиллах олон чухал асуудлууд байгааг хурлаар ярилцаж, холбогдох шийдвэрүүд гаргах талаар саналаа нэгтгэн ажиллахаар болжээ.


Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаарх дуудлага мэдээллийн дийлэнх нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд суманд үйлдэгдэж байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. 2023 он гарсаар 24 хүүхдийн эрх  зөрчигдсөн талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

相关新闻