БАЯНХОНГОР: Соёлын аялал жуулчлалыг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-08 11:25:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуутай “Хятад - Монголын соёлын солилцоо, хөршийн залуучуудын найрамдалт харилцааг нэмэгдүүлэх" ажлын хүрээнд залуучуудын соёлын аялал жуулчлалын солилцоо хөтөлбөрийг зохион байгууллаа.


Үйл ажиллагааг энэ сарын 4-6-нд Эзнээ хошууны Соёл урлагийн газар, Соёл аялал жуулчлалын радио телевиз, Гадаад харилцааны алба, Коммунист залуучуудын эвлэлийн байгууллагаас зохион байгуулж, Баянхонгор аймгаас Соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр, Хүүхдийн Тэмүжин театрын 11 төлөөлөгч, уран бүтээлч оролцсон байна. 


Соёлын солилцооны хүрээнд Эзнээ хошууны төв талбайд “Улаан мөчир”-ийн 21 уран бүтээлчтэй хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулж, тус хошууны 500 гаруй иргэнд хамтарсан тоглолтоо толилуулжээ. Мөн Эзнээ хошууны Залуучуудын эвлэлийн ордонд залуучуудын чуулга уулзалт болж, соёлын солилцоо, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцон, цаашид өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт, соёлын аялал жуулчлалын эвентийг зохион байгуулахаар гэрээ байгуулсан байна.


Мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн төлөөлөгчдөд Эзнээ хошууны аялал жуулчлалын бүс газруудыг танилцуулах аяллыг Залуучуудын эвлэлийн байгууллага зохион байгуулан ажиллажээ.

相关新闻