ТӨВ: “Цонжин кибер боардинг” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-05 11:05:11

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Цонжин кибер боардинг” сургууль 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ энэ сарын 3-ны өдөр хийв.

 

Тус сургууль энэ хичээлийн жилд 19 багш, 200 гаруй суралцагчтайгаар хичээллэх юм. Нээлтийн үеэр судлагдахуун бүрийн багш нар хичээлийн жилийн зорилго, сурагчдын эзэмших мэдлэг, чадварыг танилцуулж байгаа нь онцлог байв.


Энэхүү сургууль нь эрүүл цэвэр агаарт байршиж, дэлхийд танигдах Монгол Улсын ирээдүйн иргэнийг нээн хөгжүүлэх, хаана ч хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг олгох зорилготой.

 

2022 оны 3 дугаар сард Эрдэнэ сумын газар нутагт барилгын шаваа тавьж байсан бол ийнхүү Монголын анхны мэдээллийн технологи, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн барилгыг энэ жил бүрэн ашиглалтад оруулсан байна.

 

Улаанбаатар хот болон Зуунмод хотоос 50 км зайд, Цонжин болдог морьт хөшөөний зүүн талд, байгалийн цогцолборт газар, ногоон бүсэд байгуулсан уг сургуульд суралцах боломжийг олгож буйгаараа онцлог.

 

Сургалтын үйл ажиллагаанаас гадна бие даах, сэтгэлзүйн хувьд өөрийгөө илэрхийлэх, бусдыгаа манлайлах зэрэг soft skill чадваруудад төвлөрөн ажиллаж, нэмэлтээр 10 гаруй төрлийн секц дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөрүүдийг тусгасан байна. Мөн бие бялдар, сэтгэн бодох чадвар, хөгжмийн зэмсэгтэй харьцах, зэрэг олон төрлийн ур чадварыг нь зэрэг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг аж.

 


Төв аймагт нийт 31 сургууль байдаг бөгөөд уг сургууль ашиглалтад орсноор 32 сургууль үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

 

相关新闻