Сүхбаатар барилга-50 сэдэвт онол практикийн бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-16 14:24:44

Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсэний 50 жилийн ойг 09 сарын 14,15,16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд “Сүхбаатар барилга-50” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Хурлаар барилгын салбарын үүсэл хөгжил болоод, цаашдын зорилго, хөгжил дэвшлийн талаар санал солилцсон юм.

1974 онд Сүхбаатар аймгийн барилга конторын даргаар ажиллаж байсан Д.Адъяа “Бидний үед барилгын салбарын хөгжлийн суурь нь тавигдаж байлаа. Намайг даргаар томилогдон очсоноос хойш барилгын үйлдвэрлэлийн бааз ашиглалтад орж, ажлын хүчин чадал нэмэгдэж, өөрийнхөө аймгийн барилгын хоцрогдлыг арилгах боломжтой болж байлаа. Тухайн үед бид барилга барихаас гадна барилгын материал үйлдвэрлэж Дорнод, Хэнтий, Дорноговь аймгуудад нийлүүлдэг байлаа ” хэмээн ярьж байна.

Одоогоор Сүхбаатар аймагт барилга угсралтын 11 компани, барилгын үйлдвэрлэлийн 5 компани ажиллаж байна. Зөвхөн эдгээр компаниудад гэхэд 200 гаруй хүн ажилладаг. Тиймээс цаашид өсөн дэвжих, хүч чадлаа нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулах, хоорондоо нэгдэж ажиллах шаардлага бий гэдгийг аймгийн Барилгачдын холбооны тэргүүн  Н.Эрдэнэцогт хэллээ.

Т. Одончимэг

相关新闻