ӨМНӨГОВЬ: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпоос алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-04 15:59:35

Даланзадгад /МОНЦАМЭ/. Сонсголын бэршээлтэй иргэдийн зуны олимпод Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож шагналт байруудыг эзэллээ.  

 

Тус наадмыг энэ оны наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.

 

"Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпод найман улсын 150 гаруй тамирчин оролцжээ.

 

Монгол Улсаас 33 тамирчин хөнгөн атлетик, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг төрлөөр оролцсон бөгөөд Өмнөговь аймгаас эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцсон юм.

 


Тэмцээний гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүдэд Б.Түвд ахлагчтай эрэгтэй баг тамирчид алт болон хүрэл медалийг хүртсэн бол Г.Мөнхсүрэн ахлагчтай эмэгтэй баг хүрэл медалийг тус тус хүртжээ.

 

Өмнөговь аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа бөгөөд 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 2197 иргэн бүртгэлтэй байна.   

 

 Сонсголын бэршээлтэй иргэдийн зуны спортын олимпод оролцогч Б.Түвд:

-Миний хувьд зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй багийг бүрдүүлэн тус олимпод оролцоод ирлээ. Бид ОХУ-ын Байгал нуурын хөвөөнд болсон Улаан-Үд хотын сонсголгүй иргэдийн холбооноос зохион байгуулсан олон улсын спортын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Бид хоёр төрлөөр шагналт байруудыг эзэлж хос медиальтай ирсэндээ маш их сэтгэл өндөр баяртай байгаа. Цаашдаа Өмнөговь аймгийн төрийн болон хувийн байгууллагууд биднийг ойлгож дэмжиж хамтарч ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 

相关新闻