ӨМНӨГОВЬ: ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд 210 оюутан суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн харьяа Өмнөговь
аймаг дахь Технологийн сургуульд уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, техник сэтгэлгээтэй
чадварлаг инженерүүд, эдийн засагчдыг бэлтгэх цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Япон улсын боловсролын Коосэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хичээлийн жилд тус сургуульд нэгдүгээр курст 74, хоёрдугаар курст 85, Коосэн технологийн коллежид 51 суралцагч суралцахаар бүртгүүлжээ.
Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга
Д.Баасанхүү, Монгол улсын гавьяат багш С.Адилбиш нар оролцож, оюутнуудад баяр
хүргэж, амжилт хүслээ.
Тус сургуульд 2022 онд бакалавр, эчнээ ангид суралцсан нийт 85 оюутныг орон нутгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж багш нарын ажиллаж амьдрах орон сууц, компьютер техник хэрэгсэл, оюутны хөгжлийн төв, анги танхимын тохижилтод орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтыг хийж 2023 онд ШУТИС-аас ирж багшилж байгаа багш нарын цалин, томилолт зэрэгт 144.0 сая төгрөг, лаборатори байгуулахад зориулж 200 сая төгрөгийг мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийжээ.
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж нээлтийн үеэр цаашид орон нутагтаа чадварлаг боловсон хүчнийг
чанартай бэлтгэхэд бүхий түвшинд дэмжин ажиллана гэдгээ онцлон хэллээ.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн сургуулийн захирал Б.Баяржавхлан:
-Энэ хичээлийн жилд манай
сургууль дээд мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ Япон улсын Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Механик инженерчлэл, цахилгаан технологийн инженерчлэл,
барилгын инженерчлэлээр 51 хүүхэд нэмж элсүүлэн үйл ажиллагаагаа эхэллээ.
Коосэн коллежийн онцлог нь ерөнхий боловсролын есдүгээр анги төгссөн
хүүхдүүдийг элсүүлэн таван жилийн хугацаатайгаар сургаж чадварлаг инженерийн дээд
баклаврыг боловсролыг олгож төгсгөж байгаа юм. Энэ хөтөлбөр Өмнөговь аймагт
хэрэгжиж эхэлснээрээ орон нутагт чадварлаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг
бэлтгэж байгаагаараа үр дүнтэй. Бид тэргүүлэх зэрэглэлтэй багш нарыг урилгаар
авчирч багшлуулж байгаа. Орон нутгаас болон Улаанбаатар хотоос мөн мэргэжлийн
Япон хэлний багш нар ирж хичээл орно. Харин манай Коосэн коллежид Улаанбаатар
болон Дундговь аймгуудаас хүүхдүүд ирж суралцаж байгаа. Мөн дээд боловсролын
системд Улаанбаатар хотоос нутагтаа эргэн ирж суралцахаар шилжин ирж байгаа оюутны
тоо нэмэгдэж байна. Энэ нь Өмнөговь аймагт их, дээд сургууль нэн хэрэгтэй
байгааг илтгэж байгаа юм. Өмнөговь аймагт суралцагчдын сургалтын төлбөрийн
тэтгэлэг 100 хувь хүртэл хамрагдах олон боломжууд байдгаараа онцлогтой.
Өмнөговь аймагт боловсролын шинэчлэлийн ажлууд ар араасаа маш эрчимтэй хийгдэж
байна. Тиймээс Өмнөговьд хэрэгжиж байгаа сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор
эх уурхай болж байгаа энэ сургуульдаа хүрэлцэн ирж сурах боломжууд нээгдсэн
болохоор та бүхнийг урьж байна гэв.