ӨМНӨГОВЬ: “Гэрэлт ирээдүй” 2023 хүүхдийн наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-01 19:17:16

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилга дор зохион байгууллагддаг “Гэрэлт ирээдүй” 2023 хүүхдийн наадам Цогт-Овоо суманд амжилттай боллоо.


Хичээлийн шинэ жилд зориулан уламжлал болгон зохиогддог тус наадам нь тасралтгүй 10  жил зохион байгуулагдаж байна. Наадам хурдан дааганы уралдаан, бөхийн барилдаан, шагайн харваа зэрэг төрлүүдээр зохиогдлоо.

Наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнайд Замын шанд багийн залуу уяач М.Нямдоржийн зээрд халзан хурдалсан бол аман хүзүүнд аймгийн алдарт уяач Д.Энхээгийн зээрд, гуравт Бортээг багийн залуу уяач А.Батдэлгэрийн хээр, дөрөвт  Б.Энхтөрийн хээр,  тавд Замын шанд багийн харьяат сумын алдарт уяач Э.Чинбатын зээрд даага тус тус хурдалжээ. 


Харин өсвөрийн шагайн цуваа харвааны тэргүүн байрт Цогт-Овоо сумын ЕБС-ийн  6а ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, дэд байрт 9б ангийн сурагч Б.Цэрэнбалд, гутгаар байрт 9б ангийн сурагч Т.Алтаншагай, тусгай байрт 7а ангийн сурагч Ж.Дамдинпүрэв шалгарсан бол бөхийн барилдааны цэцэрлэгийн насны тэргүүн байрт О.Дөлгөөнбуян,  дэд байрт Б.Төрболд, гутгаар байрт  Б.Эрдэнэдалай нар шагналт байруудыг эзэлжээ.


Өсвөрийн бөхийн барилдаанд 5а ангийн сурагч Б.Сайханбилэг тэргүүлж 4а ангийн сурагч С.Аминбаяр үзүүрлэн, 5а ангийн сурагч Г.Түвшинбаяр, 3а ангийн сурагч Х.Маргад нар шөвгөрлөө. 


Тус хүүхдийн наадмаар АБТА С.Одгэрэл, Мэдээлэл зүйн багш Т.Эрдэнэцэцэг нарыг Өмнөговь аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнав. Мөн Монголын хүүхдийн ордны “Эрдэм" мөнгөн медалиар 9а ангийн сурагч Б.Мягмарсүрэн, 9б ангийн сурагч Г.Отгон-Эрдэнэ, 9б ангийн сурагч С.Анхбаяр, Монголын хүүхдийн ордны “Эрдэм" хүрэл медалиар 8а ангийн сурагч Л.Үен, 7а ангийн сурагч Х.Аргабилэг нарыг тус тус шагналаа. 


相关新闻