ДУНДГОВЬ: “Боржигон найр”-ын дэг жаяг, ёс заншлыг таниулж, өв соёлоо сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-01 15:03:24
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Их хишигтэн” ХХК санаачлан 9 дүгээр сарын 9-10-нд тус сумнаа “Боржигон найр” эвент зохион байгуулна.


“Боржигон найр”-ын дэг жаяг, ёс заншлыг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор зохион байгуулж буй уг соёлын үйл ажиллагааны үеэр “Боржигон найр” болон талын хуруу гаргах, дэмбээ, найрын авьяастан шалгаруулах, цүү хаях зэрэг тэмцээн зохион байгуулах ажээ.  


Боржигон цэцэн вангийн хошуунд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Угтаал сум харьяалагддаг байсан ба энэ нутгийн ард иргэдийг “Боржигоныхон” гэдэг.

Боржигин хошууны ард түмний найрлах дэг ёс нь бусад хошуудаас өвөрмөц ялгаатай байсан тул нийт олонд ''Боржигин найр'' хэмээн алдаршжээ.


Өөрөөр хэлбэл “Боржигин найр” нь нарийн дэг журамтай, ахмадаа хүндэтгэдэг, хүүхэд, залуучуудад биеэ зөв авч явах, хатуужил тэсвэр суулгах зэрэг дэс дараатай үйл ажиллагаа явуулдаг, ард түмний аж амьдралын аз жаргал, сайн сайхан, ажил үйлс өөдрөг, дэвжин дэлгэрэхийн билэгдлийн чанартай зан үйл юм.


Тус үйл ажиллагаанд оролцсоноор Боржигон найрын хойморт тухлан, зочдыг угтах, зочлох, үдэх ёс, найрын нарийн дэг жаягийг мэддэг болох бөгөөд говийн айраг ууж, уламжлалт тоглоом наадгайгаар наадан, тэмцээнд оролцох боломжтойг зохион байгуулагчид онцолсон.





相关新闻