ӨМНӨГОВЬ: Боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах жил болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн шинэ жилд Өмнөговь аймаг боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах жил болгон зарлалаа.
Тус аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын
22 сургуульд 15659 хүүхэд суралцах бөгөөд шинээр нэгдүгээр ангид 1575 хүүхэд бүртгүүлсэн бол сургуулийн өмнөх боловсролын 31
цэцэрлэгийн 184 бүлэгт 6079 хүүхэдтэй суралцахаар бүртгүүлжээ.
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын суралцах, хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багшийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтэнг орон нутагтаа бэлтгэх чиглэлээр “Говийн ирээдүй хүүхэд”, “Чадварлаг багш”, “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая”, “Сурагч солилцоо”, Оюутны тэтгэлгийн хөтөлбөр, бусад хөрөнгө оруулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн 2023 оны наймдугаар сарын байдлаар орон нутгийн төсвөөс 14.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд 118 багш дутагдалтай байсан бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд 90 гаруй хувиар хүний
нөөцөө бүрдүүлжээ. Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, “Нутгийн дэм” хөтөлбөрөөр сар бүр 200-600 мянган төгрөгийн
дэмжлэгийг олгохоор шийдвэрлэжээ.
Ерөнхий боловсролын 22 сургууль, политехникийн коллежийг зургаан нэр төрлийн 894 ширхэг хөгжим, 805 ширхэг биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангалаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжмийн зэмсгүүдийн хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарын хөгжим заах арга зүй, сурагчдын хөгжмийн онолын мэдлэг, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, авъяас чадварыг хөгжүүлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөгжим болон биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, кабинетын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.