АРХАНГАЙ: Нийт нутаг дэвсгэрийн 6.1 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-08-30 11:04:40

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт 1967 оноос тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдсэн байдаг. Архангай аймаг нь 19 сумын 55.3 мян.га нутаг дэвсгэртэй, үүний 342.0 мян.га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 6.1 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой аж.


Тарваган тахлын голомтын идэвхжлээрээ Ихтамир, Чулуут сум А зэрэглэл, Цахир сум Б, Булган сум В зэрэглэлд хамаардаг.


1967 оноос хойш эдгээр сумын нутаг дэвсгэрээс шинжилгээгээр 278 тарваган тахлын нян илрүүлж, энэ хугацаанд нийт 20 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 35 хувь нь нас баржээ.


Сүүлийн 15 жилийн байдлаар тарваган тахлын шинжилгээгээр Цахир сумын Баян гол багт 2009-2013 онд тарвага, зурам, Чулуут сумын Хүрэм багт 2016-2022 онд тарвага, зурам, Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэрт 2014-2022 онд тарвага зурамнаас ийлдэс судлалын шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгчийн эсрэг бие илэрч тарваган тахлын халдваржилт байгааг тогтоож, тарваган тахал түүнтэй хам тохиолдох листериоз (Listeriosis) үүсгэгч илэрч байжээ.


Ялангуяа 2022 онд хийсэн шинжилгээгээр Ихтамир сумын Хөхнуур багийн зурам, огдойн цусны ийлдсэнд тарваган тахлын үүсгэгчийн эсрэгбие илэрч, халдваржилт 18.8 хувь, махчин шувууны гулигдаснаас тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчин эризипелиод (Erysipelothrix rhusiopathiae) үүсгэгч илэрсэн бол Чулуут сумын Хүрэм багийн тарвага, зурамны цусны ийлдсэнд тарваган тахлын үүсгэгчийн эсрэгбие илэрч халдваржилт 8.0 хувьтай байв.


Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2023 оны Зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний календарчилсан төлөвлөгөөний дагуу Тамирын цурав, Хөхнуурийн өр голомтонд удирдамжийн дагуу тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг 36.0 мян.га талбайд хийж гүйцэтгэжээ.




Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тандах, хянах зорилгоор тарваган тахал өвчний агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт тоошил, экологи, популяцийн судалгаа хийж, голомтот нутгаас мэрэгч амьтан агнан махчин шувууны гулигдас цуглуулан, олборлосон амьтны үс ноолуур, нүхний амсраас шимэгч цуглуулан нийт 1000 гаруй сорьц цуглуулаад байна.


Шинжилгээнд дээжилсэн бүх сорьцыг нян харах, нян судлал, биологийн аргуудаар лабораторийн шинжилгээг хийж байна.

相关新闻