СЭЛЭНГЭ: А.Алтансүх: Усны үнэ тарифт өөрчлөл ороогүй 9 жил болсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
цэвэр, бохир усны үнэд өөрчлөлт орно.
Хот, суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 57 дугаар тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын айл,
өрх, ААНБ-ын ундны ус болон "Сэлэнгэ цэнгэг
ус" ААТҮГ-ын цэвэр, бохир усны үнэ тариф нэмэгдэхээр болжээ.
Байгаль
орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн
А/301 дүгээр тушаалын 12 дугаар хавсралтаар Орон сууц, нийтийн байр, гэр
хорооллын усны үнэ тарифыг тогтоож өгдөг байна.
Дээрх нормчлолын дагуу төвлөрсөн орон сууцанд амьдардаг иргэн өдөрт 200 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.
Энэхүү
нормчлолоор тооцоход усыг задгайгаар хэрэглэж байгаа айл өрхийн хувьд өдөрт 200
литр, сард 6 тонн ус хэрэглэдэг байна.
Үүний 1 литрийг нь 1 төгрөг 64 мөнгөөр худалдан авахад нэг ам бүлтэй айл 6940 төгрөг төлдөг аж. Тэгвэл үнийн өөрчлөлт орсноор 25366 төгрөг төлөхөөр болжээ.
Энэ талаар "Сэлэнгэ цэнгэг ус" ААТҮГ-ын захирал А.Алтансүхээс тодрууллаа. Тэрбээр "Гэр хорооллын ундны усны хуучин үнэ тарифаар 1 литр усыг 2 төгрөгөөр ард иргэд худалдан авдаг байсан. Харин шинэ тооцоогоор иргэд 4 төгрөгөөр 1 л усыг худалдан авах болж байна. Аж ахуйн нэгж дээр 1 литр бохир усыг татан зайлуулах өртөг нь 6 төгрөг. Спирт, архи, ундаа жүүс, талх, нарийн боов болон машин угаалга, эмнэлэг, үйлдвэрлэлийн 1 литр усыг татан зайлуулах өртөг нь 6 төгрөг 50 мөнгө байгаа. Эдгээр үнэ тарифуудыг энэ оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн нэмж тооцохоор болсон. Иймээс бид иргэд олон нийт, байгууллагуудад эртнээс мэдэгдэж, анхааруулж байна.
Манай байгууллага бол улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Зөвхөн борлуулсан усныхаа орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тоолуурын хувьд мэргэжлийн байгууллагын баталгаажсан, стандартын шаардлага хангасан тоолуурыг нэг ч төгрөгийн өртөг нэмэхгүйгээр ард иргэдэд суурилуулж өгч байна. Энэ тоолуур бол тусгай зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангасан тоолуур байгаа. Бидний зүгээс өөрийн өртгөөр нь ямар нэгэн ажлын хөлс авахгүйгээр зөвхөн тоолуурын НӨАТ орсон дүн буюу 57 мянган төгрөгөөр суурилуулж өгнө.
Сүхбаатар
хотын хувьд 2014 оноос хойш усны үнэ тарифт өөрчлөл ороогүй. Энэ 9 жилийн
хугацаанд бидний өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг цахилгаан, шатахуун, өргөн
хэрэглээний бараа материал буюу энэ усан хангамжийн өдөр тутмын хаалт, гэмтэл,
шугам хоолойны үнэ тариф маш өндрөөр өссөн.
Зөвхөн 2022 оны байдлаар өсөлтийг хоёрхон суурь бүтээгдэхүүн дээр дурдвал шатахуун гэхэд дизель түлш 35 хувиар, цахилгааны үнэ 38 хувиар аж ахуйн нэгж, төсөвт байгууллага дээр нэмэгдсэн байдаг. Ийм нөхцөл байдал нь бидний үйл ажиллагаанд хүндрэл үзүүлж, зардлаа нөхөх боломжгүй болгосон. Иймээс бидний ажлыг ойлгож, хамтран ажиллана гэдэгт итгэж байна" хэмээв.