БАЯН-ӨЛГИЙ: Канад сангийн дэмжлэгээр жендерийн тэгш байдлыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо нь Канадын Элчин Сайдын яамны дэмжлэгээр Канад сангийн Орон нутгийн санаачилга хөтөлбөрийн хүрээнд “Жендерийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” төслийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлнэ.
Холбогдох гэрээнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф, казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны гүйцэтгэх захирал Х.Зауреш нар энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тухай зонхилох хэвшмэл ойлголтуудыг арилгах, олон нийтийн хандлагыг өөрчлөх, мэдлэгийг нь дээшлүүлэх зорилготой.
Төсөлд тус аймгийн Булган, Ногооннуур, Сагсай, Дэлүүн, Толбо сум болон Цагааннуур тосгоны охид, эмэгтэйчүүд, залуусыг хамруулж чадавхжуулна. Оролцогчдыг сонгон шалгаруулж авах ба 40 хувь нь эрэгтэйчүүд байх аж.
Төслийн үр дүнд орон нутагт жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөлөөлөгчид бий болно гэсэн хүлээлттэй байна.
“Жендерийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” төслийг
ирэх оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
Ташрамд сануулахад, казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоог 2006 онд үүсгэн
байгуулсан ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн хэвшмэл ойлголт,
хандлагыг өөрчлөх, хүний эрхэд суурилсан, жендерийн тэгш байдлын зарчим,
тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн бодлогын санаачилгууд гаргаж
хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.