СЭЛЭНГЭ: Сүүний орцгүй, дуураймал бяслагийг хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-23 11:16:56

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод монгол бяслаг, сархад үйлдвэрлэж эхэллээ.


Тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Спирт Бал Бурам” ХХК 50 жилийн ойн хүрээндээ энэхүү үйлдвэрийг барьж байгуулсан байна.


АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах зорилгоор ийн өөрийн охин компани болох “Спирт Бал Бурам” ХХК-аа түшиглэн байгуулжээ.  


Тус үйлдвэр нь Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажээ.


Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэх аж. Мөн үүнээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж байгааг үйлдвэрийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа.


Ингэснээр орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож байгаа юм.

Энэхүү шинэ бяслагийн үйлдвэр нь Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулж, Голланд, Швейцар, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиор байгуулжээ.


Дээрх шинэ үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн байна. Ингэхэд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортолж байжээ. Энэхүү оруулж ирсэн бяслагийн дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг төдийгүй сүүний орц байхгүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байсан нь судалгаагаар гарчээ. Иймээс АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангах зорилготой байна.  


Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Спирт Бал Бурам” компанид нийт 300 гаруй хүн ажиллаж байна. Эднийх сүүлийн 5 жилийн хугацаанд 367 тэрбум гаруй төгрөгийн татварыг төлж, сум орон нутгийн нийт 40 гаруй газар тариалан эрхлэгч, 580 гаруй малчид фермерүүдтэй тогтмол хамтран ажиллаж байгаа аж.


СББ компани нь бал бурам, нарийн боов, ундаа, гоймон зэргээс эхлүүлэн инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон стратегийн түүхий эдээ дотооддоо боловсруулан үйлдвэрлэж байгаа юм.


Түүнчлэн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж, зөвхөн эдийн засаг төдийгүй улс эх орны хөгжлийн түвшинд онцгой хувь нэмэр оруулсаар иржээ.

相关新闻