Дарвуул бүхий ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЛОНДОН. /ВВС/. Их Британид зохион бүтээсэн Pyxis Ocean гэдэг нэртэй, асар
том дарвуул бүхий ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарчээ.
Уг хөлөг онгоцыг түрээслэдэг далайн
тээврийн Cargill компанийн удирдлагын хэлснээр, дэлхийн далайн тээврийн салбар нүүрсхүчлийн
хийн хаягдлын 2,1 хувийг ялгаруулж буй энэ үед шинэ технологи нь нүүрстөрөгчийн хаягдлыг багасгахад
томоохон үүрэг гүйцэтгэх зорилготой юм байна.
Хөлөг онгоцыг нисэх онгоцны далавчийг санагдуулам хэлбэртэй WindWings
хатуу дарвуултай болгосноор түлш зарцуулалт 30 хувиар буурна гэж зохион бүтээгчид
тооцоолжээ.
Pyxis Ocean ачаа тээврийн хөлөг онгоц Хятадаас Бразилыг чиглэн хөдөлсөн бөгөөд энэ бол шинэ төрлийн хатуу дарвуулыг анх удаа бодитойгоор туршиж буй тохиолдол болой. 37,5 м өндөр дарвуулыг салхин хөдөлгүүрийг хийдэг материалаар хийсэн тул удаан эдэлгээтэй бөгөөд хөлөг онгоц боомтын зогсоолд ирэх үед дарвуулууд хумигдаж, далайд гарах үед дэлгэгдэнэ.
Энэхүү шинэ технологийг хамгийн анх удаа спортын далбаат завинуудад ашигласан байна. Дарвуулыг анх Британийн BAR Technologies компанид зохион бүтээсэн бөгөөд тус компани Бен Эйнсли ахлагчтай далбаат завины тамирчдын багийг түшиглэн байгуулагдсан аж. Компанийн захирал Жон Купер-ийн ярьснаар, Pyxis Ocean далайд гарсан нь далайн тээврийн салбар дахь эргэлтийн үе бөгөөд хэдэн жилийн дараа шинэ хөлөг онгоцнуудын тал хувийг шинэ төрлийн дарвуулаар тоноглох ажээ. “Хамгийн гол нь хэмнэлт. Тодорхой хэлбэл, өдөрт 1,5 тн түлш хэмнэнэ, хэрвээ хөлөг дээр 4 дарвуул угсрах аваас өдөрт 6 тн түлш хэмнэнэ, энэ бол том тоо” гэж тэрбээр хэллээ.
Хатуу далбааг Британид зохион бүтээсэн боловч Хятадад
үйлдвэрлэсэн учир нь импортолж буй гангийн өртгийг бууруулахад Их Британийн төрийн зүгээс дэмжлэг
үзүүлэхгүй байсантай холбоотой гэнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, салхины энергийг далайн тээвэрт ашиглах нь судалгааны тун ирээдүйтэй чиглэл ажээ. Манчестерийн их сургуулийн судлаач Саймон Буллок ярихдаа “далайн тээврийн салбар жилд 837 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа атал шинэ төрлийн цэвэр түлш мөддөө гарч ирэхгүй нь, иймээс хөлөг онгоцуудыг далбаатай болгох зэрэг арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй” гэлээ.
Далайн тээврийн судалгаагаар дагнадаг Clarksons Research
компанийн захирал Стивен Гордон-ы ярьснаар, сүүлийн нэг хугацаанд шинэ
технологийг ашиглаж буй хөлөг онгоцуудын тоо хоёр дахин нэмэгдсэн, гэхдээ
дэлхийн улс орнуудын далайн тээврийн флотод арилжааны зорилгоор ашиглагдаж буй 110 мянга гаруй хөлөг онгоцноос
ердөө 100 орчим нь дарвуултай ажээ.
Нөгөөтэйгүүр, чингэлэг тээвэрлэгч гэх мэт зарим төрлийн хөлөг
онгоцуудын хувьд дарвуул болон технологийн бусад шийдлүүд тохирохгүй
байж болох юм.