Монгол Улсын нөөц, боломжийг Японы өндөр технологитой хослуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан “Монгол-Японы бизнес форум-2023”-д Японы талаас 100 гаруй, Монголын 400 гаруй төлөөлөл оролцлоо.
Форумын үеэр оролцогчид хоёр орны хоорондох экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Монгол-Японы бизнесийг дэмжихэд танхимын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулав. МҮХАҮТ-аас санаачлан Монгол-Хятад-Японы хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр танилцуулсан бөгөөд тус зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын нөөц, боломжийг Япон Улсын туршлага, ноу хау, өндөр технологийг ашиглан Хятад Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, цаашлаад Зүүн өмнөд Азийн зах зээлд дотоодын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж тооцоолсон байна.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын худалдаа жил бүр өссөн бөгөөд 2018 онд огцом өсөж, 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 88.6 хувиар, импортын хэмжээ 69.7 хувиар, худалдааны нийт эргэлт 242.87 сая ам.доллараар өсөж, 580 сая ам.долларт хүрч байсан бол 2022 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт болон импортын хэмжээ 689.4 сая ам долларт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлжээ.
Түүнчлэн форумын үеэр Техникийн хамтын ажиллагааны "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурав.