Монгол Улсад анх удаа “МонголианАрт олон улсын баримлын симпозиум зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 12:26:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон орны уран бүтээлч оролцсон “MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.


Симпозимд оролцож буй Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ сарын 21 хүртэл Тэрэлжид байршилтай "Гүрү Эко" цогцолборт уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэд симпозиумын үеэр туурвисан томоохон бүтээлээрээ наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 30-ны хооронд “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг Хаан банкны гадна талбай болон Хаан Галерейд дэлгэхээр зэхжээ. Энэ жилийн “MongolianArt” уран баримлын симпиозумын үзэсгэлэнд 7 орны 9 уран бүтээлч оролцохоос зургаа нь Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, гурав нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байгаа юм.


Симпиозумын албан ёсны нээлт наймдугаар сарын 4-нд болж, олон улсын уран барималчид хэсэг хугацаанд Монголд байрлан уран бүтээлээ бүтээж байгааг Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа дурдаад, “НордАрт нь соёлын аялал жуулчлалын хүрээнд заавал очиж үзэх дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн эхний 10-т зүй ёсоор багтдаг. Энэ салбар үйл ажиллагааг албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа зохион байгуулснаар улсынхаа нэр хүнд, имиджийг дээшлүүлж, олон улсын уран бүтээлчдийг, НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн урлаг сонирхогч, жуулчдын урсгалыг Монгол Улс руу татах суурийг тавих, соёлын олон талын ач холбогдолтой”-г онцолж байлаа.



Түүнчлэн, уран баримлын симпиозумын бүтээлүүдийг олон нийтийн нээлттэй орон зай, цэцэрлэгт хүрээлэнд байршуулах бөгөөд уран бүтээлүүдэд байрших Dynamic QR коп бүхий сурталчилгаа нь уран бүтээлч, бүтээлийн тухай бүхий л мэдээллийг үзэгч сонирхогч болон жуулчдад хүргэх аж.


Уран баримлын симпозиумыг 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, НордАрт болон Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтан хийж байгаа бөгөөд цаашид гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 


Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2015 оноос хойш Монгол Улсын дөрвөн удаагийн бие даасан павильоныг амжилттай зохион байгуулж, 120 монгол уран бүтээлчийн 350 орчим бүтээлийг олон улсын 120 мянга гаруй үзэгчид толилуулж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа нэр хүндтэйгээр сурталчилж иржээ. 


Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхуулъя.


Болгарын уран барималч Лилия Поборникоюа: Монгол Улсад хоёр долоо хоногийн турш уран бүтээлээ хийж байна. Найрсаг, элгэмсэг дотно уур амьсгалд өдөр

хоногийг өнгөрүүлж, бүтээлээ туурвин, сайхан дурсамж дүүрэн байна.

Монгол Улс нь олон улсын симпиозумын нэг гишүүн болж ажиллаж байна.

Олон жил зохион байгуулна гэж найдаж байна.




Германы уран барималч Томас Райфершайд: Монгол Улсад анх удаагаа ирж байна. Өмнө нь Монгол орны тухай сонсож, үзэж байсан бүхнээс шал өөр зүйл мэдэрлээ. Олон орны уран бүтээлчтэй байгалийн үзэсгэлэнд цагийг сайхан өнгөрүүлж байгаа.

Дараа долоо хоногт уран бүтээлээ дуусгана. Монголын ард түмэн сайхан хүлээж авах байх. Монголд өнгөрүүлсэн сайхан цаг хугацаа болон тусалж дэмжиж байсан бүх хүнд талархаж байна.


БНСУ-ын уран барималч Ёнгсун Жанг: Солонгос хүмүүс Монголыг заавал очиж үзэх ёстой газруудын нэг гэж ярьдаг. Би ч Монголд ирэхийг хүсэж байсан. Гэтэл өнөөдөр уран бүтээлийн зорилгоор ирэх завшаан тохиосонд туйлаас баярлаж байгаа. Онгоцны буудлаас хөдлөхөд л сэтгэл өндөр байсан. Тэрэлжид орой бүр маш гайхалтай үзэсгэлэнтэй байгалийг мэдэрч уран бүтээлдээ тусгаж байгаадаа баяртай байна. Ийм үйл ажиллагааг олон жил зохион байгуулаасай гэж хүсэж байна. Зөвхөн аялал жуулчлалаар биш уран бүтээл туурвиж ирсэндээ баяртай байна. 


Испанийн уран бүтээлч Нандо Алварез: Монголд ирээд симпозиумд оролцож, үзэсгэлэнт сайхан байгальтай газар байрлан уран бүтээл туурвиж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч хүн бэлтгэлээ хангаж ирсэн хэдий ч бяцхан асуудал үүссэнийг маш шуурхай шийдвэрлэдэг хамт олонтой байгаадаа талархаж байгаа.

Монголд ирээд уран бүтээл хийхээс гадна өөрсдөдөө ч уран бүтээл хийх сэдэл авч байгаадаа баяртай байна.

相关新闻